Тасын төрөлд багтах ёл / Gypaetus barbatus/ хэмээх махчин шувуу нь Монгол Алтайн нуруу, Говь-Алтайн нуруу, Хангай нурууны 1500 - 3000 метрийн өндөрт, хад асга ихтэй, эгц цавчим хадан цохионуудад үүрээ засан амьдардаг. Ёлын далавч бүрэн дэлгэгдсэн үедээ 2.5-3 метр, нуруу нь хөхөвтөр шаргал, хэвлий болон толгой нь цайвар шаргал өнгөтэй, эрүүн доороо гялтганасан хялгасан сахалтай байдаг. Монголын жигүүртнээс хамгийн өндөрт нисдэг шувуу нь ёл юм. Ёл нь 7500 м өндөрт нисч чаддаг байна, ихэнх шувууд дунжаар 400 м орчим өндөрт нисдэг гэнэ.
Ёл шувуу нь эгц хадан хананы хүнхэнд мод бутны өгөршсөн мөчир, хялгас ноосоор үүрээ засч түүндээ жил бүр өндөглөдөг учраас үүр нь холоос цайран харагддаг.
Ёл нь 12-р сарын дундаас 2-р сарын дунд үеийн хооронд эвцэлд ихэвчлэн хоёр өндөг гаргаж, эрэгчинтэйгээ ээлжлэн 53-58 хоног дарж ангаахай болгон тэжээнэ. Ангаахай болсоноос хойш 106-130 хоноод нисч сурна. Ангаахай нь намар есөн сар гэхэд бие гүйцэж үнсэн хөх зүстэй болно.

Ёл нь амьтдын сэг, ясыг идэж, євчин тахал дэлгэрэхээс сэргийлэн, байгаль дэлхийг цэвэрлэдэг учраас ашигтай шувуу юм. Ёл нь мал амьтдын чөмөгний ясанд ихээхэн дуртай, чөмөгний ясаа өндөрт авч нисэн хад руу унаган хагалж чөмөгийг нь иддэг. Ёл шувуу нь Монгол улсын улаан номд орсон дархан цаазтай ховор шувуу.

Ёлын үүр - Өмнөговь аймаг Зүүн Сайхан уулын Ташуу Улаан гэдэг газарт - 2009 - 02 - 05 нд

Ноён хутагт Д.Данзанравжаагийн Галбын ууланд байгуулсан гурван хийдийн нэг нь Улаан Сахиусны хийд юм. Эл хийдийг мөн Рийтэд гэж нэрлэдэг. Эл хийдийг байгуулсан тухайгаа ноён хутагт Д.Данзанравжаа өөрийн товч намтартаа "...Туулай жил Галбын хийдүүдийг бариулж дуусган Чойлонгийн хийдээс их улаан сахиусыг залвай" гэсэн байдаг. Улаан сахиус гэдэг нь Жамсран бурхан юм. Улаан Сахиусны хийдэд бясалгал, агийн ёсны хурал хурдаг байжээ. Тус хийдийн туурь Өмнөговь аймгийн Ханбогд сумаас урагш 7,8 км газарт байна. GPS солибцол - N 43°08.751' E 107°07.505' д.т.дээш 1199 метрт оршино. Улаан Сахиусны хийдийн өмнө зүгт 2 км-т Дэмчигийн хийд оршино. Улаан Сахиусны хийд Цагаан толгойн хийдийг бодвол арай багавтар хийд байсан бөгөөд 5 том дуган дацантай байжээ.
Дуган дацанг дан засмал боржингоор суурийг тавьж, түүхий тоосгоор барьсан байна. Хийд нь туйпуун ханатай төвд маягийн том дугантай, уг дуганыг нь хадны агуйтай ханаар холбосон байна. Хананы наана сүсэгтэн олон үзэхэд зориулж хадан уул босгож дундуур нь ус урсгаж янз бүрийн үзмэрийн зүйлс байрлуулсан байсан энэхэн орчиндоо диваажингийн орон мэт амар амгалан байдлыг үүсгэж байжээ. Агуйн хойд хэсэгт бурхан нь байсан байна. Галбын улаан сахиус нь маш том Жамсран бурханы дүр байсан бөгөөд түүний дээр нь лавир гэж хүний арьсыг дэлгэн хадсан байжээ, энэ арьс нь нуруугаараа үстэй байсан гэж нутгийн өвгөд хөгшид хөөрдөг.
Улаан Сахиусны хийдэд алмасны арьсыг хадгалж байжээ.
Улаан Сахиусны хийдэд хадгалагдаж байсан лавир гэгч энэ хүний арьсыг алмасын арьс байсан гэсэн яриа мөн нутгийн учир мэдэх хөгшчүүлийн дунд байдаг. Алмас буюу хүн гөрөөсний энэ арьс энэ хийдэд хэрхэн хүрч, хадгалагдсан тухай түүх их сонин байдаг. 1837 онд Үзэмчний алтан үүрэгт бадарчин гэж алдаршсан Лувсандоной бадарчин Лхас ороод буцаж явахдаа Цэнхэр номингийн говиос заган дунд үхсэн байсан эрэгчин хүн гөрөөс олжээ. Тэрээр түүнийгээ өвчиж арьс, цөсийг нь аваад Богдын хүрээнд ирсэн байдаг. Тухайн үед зөв хатаасан хүн гөрөөсний цөс маш үнэтэйд тооцогддог байжээ. Маарамбууд түүгээр хүнд анагаадашгүй өвчнийг эмчлэх эм хийхэд хэрэглэдэг байв.

