Өвлийн аялал ба халуун чулуу
2004 оны 12-р сард манай компани дээр нэгэн сонин хүсэлт ирсэн юм. Хүсэлтийн эзэн маань Nick Middleton гэгч Оксфордийн их сургуулийн салбар St Anne's College-ийн доктор, газарзүйч хүн байв.  Тэрээр дэлхийн 50 гаруй орноор аялсан хүн байв. Nick Middleton Түүний хүсэлт нь Монголын говиор 1-р сар буюу хамгийн хүтэн үед аялах хүсэлтэй байлаа.  Гэхдээ майхан сав ашиглахгүйгээр хээр хөдөө хонохыг хүссэн байлаа. Nick бол дэлхийн хамгийн хамгийн хүйтэн, халуун гэх мэт олон нөхцөлд аялах дуртай түүгээрээ алдаршсан нэгэн байлаа.  Энэхүү хүсэлтийг биелүүлэхээр бид ажилдаа оров.  Бид аялах бүс нутгийг Говь-Алтай аймгаар сонгосон.  Аяллын зорилгыг Тахийн тал руу хүрч Монгол нутагт тахь нутагшуулж буй үйл ажиллагаатай танилцуулахаар шийдсэн юм. Аяллаа " Survival with hot rocks" буюу Халуун чулуугаар амь гарах арга гэж нэрлэлээ.  Миний бие урьд Монголын нутгаар аялах үедээ олон хүмүүс яриа хөөрөөнөөс хээр явахдаа хад чулууны дэргэд гал асааж чулууг халааж байгаад унтахаар дулаахан хонож болдог тухай сонсож байсан юм.  Үүнийг ашиглахаар шийдсэн юм. Монголчууд эртнээс халуун чулууг ахуй амьдралдаа өргөн ашигладаг энэ талаар тодорхой мэдлэгтэй, мэргэшсэн ард түмэн юм. Бидний аялал 1-р сарын 5-нд Алтай хотод ирснээр эхэллээ.  Аяллын бэлтгэлээ базааж Алтай хотын бараан захаас үстэй дээл, үнэгэн лоовууз, дулаан гутал хувцас авлаа. Мөн нэг шаахай-72 мотоцикл түрээсэлж авлаа. 1-р сарын 6-ны өглөө Алтай хотоос хөдөлж  Бигэр сум орлоо.  Бигэр сумын малчин Шараагийнх гэдэг айлд очлоо.  Тэндээ Монголын говь нутагт хүмүүс хэрхэн амьдарч, ахуй амьдралаа хэрхэн зохицуулж буйтай танилцлаа.   Шараа гуай нас дээр гарсан, гэргий  Дэлгэрцогттойгоо хамт амьдардаг жирийн л нэг монгол айл .  Бид Шараа гуайнд байхдаа  тэмээ хариулж, голоос  мөс хагалж ус авах гэх мэт ойр зуурын ажилд нь тусалж хоёр өдөр өнжлөө.  Nick айлын эзэгтэй Дэлгэрцогт гуайд тусалж гал дээр арвай хуурч,  арвай тээрэмдэж гурил хийж сурлаа.  Тээрэм гээч энэ зүйл бас л чулуугаар хийсэн, бидний хувьд бол энгийн зүйл. гэхдээ мань эрд бол нүүдэлчдийн ахуй амьдралын нэгэн гайхамшиг шиг ойлгож байв. Би ч Шараа гуайд аяллын зорилгоо танилцуулж тэднийд юу хийж болох талаар ярилцав. Тэгээд ямарч гэсэн ямааны боодог хийхээр тогтлоо.
"Өвлийн аялал ба халуун чулуу" цааш унших »
Монгол нутгаас олдсон ховор олдвор - Мөсөн муми.
Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын нутгаас одоогоос ойролцоогоор 2500 жилийн тэртээ амьдарч байсан хүний булшийг Монгол, Орос, Германы  хамтарсан судалгааны экспедицийнхэн малтаж гаргасан байна.  Энэ булшийг гаргаж авахын тулд эрдэмтэд бүхэл бүтэн 3 жилийг зарцуулсан байна.
Археологийн хосгүй үнэтэй ийм олдвор яг одоогоор дэлхийн хэмжээнд 4 дэхээ олдоод байгаа юм. Эсгий гуталтай, тарваган хүрэмтэй 170 см-ийн өндөртэй энэ  олдворыг анх малтаж гаргахад хүрээ болгон байрлуулсан модон хайрцагны 2 талд нь морины араг яс тавьсан, хажуу талд модон цар тавьжээ, царанд шүүс болгож мах тавьсан байсан болов уу гэмээр яс үлдсэн байсан байна.  Царны хажууханд нь ваар тавьсан байна. Энэ вааранд сархад тавьсан болов уу гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлж байна. Америкийн "Discover" сэтгүүлээс Дэлхийн археологийн 10 том нээлтийн нэгээр Монголын Алтай таван богдоос олдсон Мөсөн мумиг нэрлэсэн. Энэхүү олдворын талаар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндоржтой хийсэн ярилцлагаас толилуулж байна.
-Алтай таван богдод хийсэн археологийн малтлагын үеэр Монгол, Германы эрдэмтэд Мөсөн муми олж шуугиан дэгдээсэн. Цэвдгийн булшны малтлагыг хэдийнээс хийж эхлэв?
-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Чадраа гуай 2000 онд ОХУ-ын Новосибирск хотноо очиж, Оросын Алтай цэвдэгт малтсан булшийг үзсэн юм. Ингээд л энэ Монголд Мөсөн муми хайх ажлын эхлэл тавигдсан. Цэвдгийн булш нь бусад булшийг бодвол эмзэг, их мэдээллийн шинж чанартай байдаг.Тиймээс туршлагатай, техник, тоног төхөөрөмж сайтай лабораторийнхонтой хамтрахгүй бол болохгүй байлаа.Ингээд Оросын археологичид, Герман улсын экспедицийнхэнтэй хамтран 2004 онд булш бүхий 22 газрыг тогтоосон.Мэдээж хэрэг, энэ бүхэнд хөрөнгө мөнгө чухал шүү дээ. Дээр нь булш буй газраа тогтоосон ч цэвдэг байна уу, үгүй гэдгийг нягтлуулахаар 2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Новосибирск дахь Геологийн хүрээлэнгийн эрдэмтдийг урьж, геофизикийн судалгаа хийлгэсэн юм.Судалгааны явцад тав, зургаан газар нь цэвдэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Археологийн малтлагын явцад Монголын талаас хоёр археологич нэгдээд 2006 онд ажлаа эхэллээ. Хоёр, гурван малтлагаар гараагүй л дээ. Ер нь хоёр булш малтах гэрээтэй байсан ч цааш нь үргэлжлүүлсэн.Ингээд хоёр морины оршуулга, бамбай бүхий доод тал нь огт хөндөгдөөгүй нэгэн булш олсон юм. Энэ дотор Мөсөн муми байсан даа. Бүгдийг маш нарийн малтаж, цэвэрлээд авчрахад газраар зөөхөөс эхлээд хүндрэлтэй асуудал байсан ч бүрэн бүтнээр нь авчирсан. -Булшнаас гадна эдлэл, хэрэглэл олон гарсан гэлээ. Хэчнээн олдвор байсан бэ?
-Булш, модон буу, дээл, хувцас гээд олон зүйл гарсан. Хамгийн гол нь түүх, соёлын олдвор болох Мөсөн мумиг нээсэн нь сайн хэрэг болсон. Тэгээд олдворуудаа Орос руу шинжилгээнд явуулсан. Манайхан үүнийг гадаадынханд өгчихөж байгаа мэтээр буруу ойлгодог. Гэтэл тэд олдворыг судалж, шинжлээд ямар үнэ цэнэтэй болохыг нь хүртэл тогтоогоод өгч байгаа юм шүү дээ. Энэ жил судалгаа, шинжилгээг нь дуусгаад Орос дахь Монголын Элчин сайдын яаманд хүлээлгэж өгсөн байгаа. Энэ олдвор нь зөвхөн Мөсөн мумигаараа алдаршаад зогсоогүй, булшны хайрцгийг нь хэрэм, хурга, адууны арьсаас доторлосон байснаараа дэлхийд хосгүй үзмэрт тооцогдож байгаа юм.
-Мөсөн муми дэлхийн археологийн 10 том нээлтийн нэгээр тодроход ямар сэтгэгдэл төрж байв?
-Америкийн "Discover" сэтгүүлээс 2006 онд Дэлхийн археологийн 10 том нээлтийн нэгээр Мөсөн мумиг зарласан нь бахархууштай хэрэг. Яагаад гэхээр энэ сэтгүүл барагтай юмыг зарладаггүй нь нэг талаараа бидэнд түүх, соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлж байна л даа.
-Булшийг Мөсөн муми гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ булш бүхлээрээ месөөр хучигдсан байсан гэсэн үг үү. Хэзээнээс олон түмэнд үзүүлж эхлэх вэ? -Булш маань мөсөн цэвдэгт байсан л даа. Гэхдээ онцлог нь бүх юм нь мөс хүрээгүй яг австай хэсэг нь мөстэй байсан. Хэрвээ битүү мөстэй байсан бол судалгаа хийхэд хүндрэлтэй байх байсан. Тэгээд энэ бүх олдвороор Германд үзэсгэлэн гаргасан. Ер нь олдвороос харж байхад дэлхийд огт бүртгэгдээгүй нум хүртэл байх жишээтэй. Мөн сум, модон сийлбэрүүд байна. Үүн дотроо аргалын эвэр, шавраар хийсэн, модоор хийсэн сав гэх зэрэг тэр үеийн холбогдолтой эмээл, хазаар, бүх юм байсан. Эдгээр эдлэлээс нь хэдий үеийн олдвор болохыг нь тогтоох боломжтой. Шинжлэх ухааны олдворыг хамаагүй эрт олонгуутаа дэвэргэж, олон нийтэд зарлаж болдоггүй. Шуугиан дэгдээхээсээ өмнө шинжилгээнд хамруулж, нарийн тогтоолгох шаардлагатай байдаг. Ингээд л дэлхийн дансанд Монголын олдвор гэдгээр нь бүртгүүлэх хэрэгтэй. Энэ булш маань одоо шинжилгээний шатандаа байгаа. Энэ оны сүүлч гэхэд лабораторийн шинжилгээний хариу эцсийн байдлаар гарна.

"Монгол нутгаас олдсон ховор олдвор - Мөсөн муми." цааш унших »
Мазаалай - говийн баавгай
мазаалайМонголын говьд амьдардаг ховор амьтдын нэг нь говийн баавгай буюу мазаалай. мазаалайн мөрМазаалай /Ursus pruinosus Blyth/  нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох баавгайн овогт багтддаг. Говьд ийм амьтан байдаг тухай мэдээ өнгөрсөн зууны эцсээс эхэлж тархжээ.  Мазаалай нь говь цөлийн нөхцөлд зохицсон шалмаг түргэн хөдөлгөөнтэй, мохоо бахим хумстай, ойн хүрэн баавгайг бодвол биеэр жижиг, цайвардуу буурал үстэй, жижигхэн нүдтэй байдаг байна. Мазаалайн Алтайн говийн Сэгс цагаан Богд, Эхийн гол, Шар хулс, Цагаан бургас, Ламын тооройн шандууд, Захуй Зармангийн говиор нутаглана. Мзаалай нь уулын бэл, сайраар ургадаг бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс идэхээс гадна мэрэгчид болон хэвлээр явагчид, хорхой шавьж мэтхэнээр хооллоно.  Мазаалайд идэш тэжээлээс илүү шаардлагатай зүйл бол ус.  Иймээс голдуу задгай ус, булаг шандын ойролцоо амьдарна.  Мазаалай нь өвлийн эхэн сараас хаврын дунд сар хүртэл хадны ангал, сухай зэгс бүхий шугуйд ухсан нүхэндээ ичнэ.  Эмэгчин нь  ичээндээ байхдаа  1-2 бамбарууш буюу аламцаг төрүүлнэ.  Эмэгчин  бамбаруушаа алс зам даадаг болтол  дагуулж явна.  1969 онд Сэгс Цагаан Богдоос барьсан бамбарууш муурын чинээ биетэй 4.5 кг жинтэй байжээ.  Мазаалайн бамбарууш ихэд сониуч зантай, үе үе хойд хоёр хөл дээрээ босч, алсыг харан хаяахан зүггүйтдэг. Мазаалай жил өнжиж төрдгөөс үржил удаантай амьтан. 1966 онд кино оператор О.Уртнасан мазаалайн амьдралын тухай анхны кино зураг авч, улмаар намнан музейн үзмэр болгосон байдаг. Бас өөр нэг гадны зураглаачдын дуранд буусан бичлэгийг дор үзүүлье.  
"Мазаалай - говийн баавгай" цааш унших »
Саальтын агуй

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Чихэн агуйгаас баруун тийш 2 км зайд Саальтын агуй оршино.  Саальтын агуйн ам нь шаргал ногоовтор, хүрэн өнгийн үе давхарга бүхий шохой чулууллагаас тогтсон нарийн хавцалд эгц урагшаа харсан байдалтай байна.  Энэ агуйн урт нь 12 метр, хамгийн өргөн хэсэгтээ 4 метр өргөн. адарын өндөр нь 2.5 метр байна.  Саальтын агуйн хананд улаан зосоор зурсан хүний дүрслэлүүд нилээд олон байдаг.  Энэ агуйн зураг дүрслэлүүд нь агуйн шалнаас 1.2-1,8 метрийн өндөрт зурагдсан байдаг.  Археологичид эл агуйн зураг дүрслэлүүдийг зурсан арга барил, будаг хадгалагдан үлдсэн байдал зэргийг судлан үзээд Сибир, Байгал нуур орчмоос олдсон хадны сүг зураг дүрслэлтэй нэгэн үед хамааралтай бөгөөд хүрэл зэвсгийн сүүл үед хамаарна гэж тогтоожээ.  Мөн зарим судлаачид агуйн ханан дахь зарим зураг дүрслэлийг шинэ чулуун зэвсгийн сүүл үед зурагдсан байх магадлалтай гэж үздэг.

 

Хөвсгөл нуур, дархадын хотгор

Хөвсгөл нуур, дархадын хотгорын газрын зураг.

Хөвсгөл нуур, дархадын хотгор

 

Монгол тахь - Пржевальскийн адуу
Тахь ТахьМонголын говьд дэлхийд ховор сонин амьтад олныг үзэж чадна. Түүний нэг нь говийн зэрлэг адуу - тахь юм.  Тахийг одоогоос зуу гаруй жилийн тэртээ оросын  газарзүйч, судлаач Н.М.Пржевальский Төв Азиар судалгаа хийж явахдаа монгол нутгаас зэрлэг адууны арьс, гавлын яс олж олж аваачсаныг Оросын шинжлэх ухааны академийн зоологийн музейн ажилтан И.С.Поляков 22 зүйлийн битүү туурайтан амьтантай харьцуулаад шинэ зүйл гэдгийг 1881 онд тогтоожээ.  Ийнхүү тахь шинжлэх ухаанд бүртгэгдэж, Пржевальскийн адуу гэгдэх болжээ. Тахийн төрх байдлын талаар оросын нэрт судлаач Г.Е. Грумм-Гржимайло тодорхойлохдоо: " Зэрлэг адуу тахь нь тэгш тал, цөлийн амьтан бөгөөд шөнийн цагт бэлчээр, ус руугаа зорьж өдөр болохоор цөл говьдоо эргэж ирдэг. Голдуу цувж явах бөгөөд үргэхдээ ч цувж давхилдах учир байршдаг нутагт нь газар сайгүй тод жим гарсан байдаг.  ТахьЦангинатал янцгаах, хамраа тачигнуулан дуугарах нь монгол адуутай нэн төстэй амьтан" гэжээ.  Тахь хэдийгээр монгол адуутай төстэй боловч босоо дэлтэй, шингэн сүүлтэй, согсоо сагаггүй, бараан өнгийн бидэртэй, ухаа хонгор зүстэй зэрэг содон шинжүүдтэй байдаг.  Идэш тэжээлийн хувьд говь цөлийн шаваг, бударгана, баглуур, зээргэнэ, тэсэг, хялгана зэрэг өвс ургамал иднэ. Зундаа 3-4 өнжөөд усанд ирдэг.  Тахь одоогийн монгол адууны холын өвөг гэж нэг үе ярьдаг, дуулдаг, ойлгодог байлаа.  Тахь, монгол адууны генетикийн судалгаар тахь 66 хромсомтой, монгол адуу 64 хромсомтой болох нь батлагдсан байна.  Нэгэн үе монголын хээр талд азарга азаргаараа давхилдаж байсан тахь 1960-аад он гэхэд Монгол нутагт бүрмөсөн устаж үгүй болсон байна. Хамгийн сүүлд 1957 онд тахийг Тахийн шар нуруунд харсан гэж яригддаг л байлаа.
"Монгол тахь - Пржевальскийн адуу" цааш унших »
Динозаврын өндөг - Үлэг гүрвэлийн үр хөврөл

Монголын говиос динозаврын өндөг ихээр олддог.  Үүнийг зарж ашиг хонжоо олохыг хүссэн хүмүүс ч олноор байдаг.  Говиор жуулчидтай явж байхад нутгийн хүмүүс динозаврын өндөг байна жуулчиддаа зараад өгөөч гэж их гуйдаг нь өнөөдөр бидэнд тохиолддог жирийн л үзэгдэл юм.  Динозаврын өндөг гээч энэ л зүйл Монголын говийг дэлхийд алдарших үүд хаалгыг нээж өгсөн зүйлүүдийн нэг.  Анх 1923 онд Рой Эндрюс Чэпманаар ахлуулсан Төв Азийн Экспедици Монгол нутгаас динозаврын өндөгний үүр олсон юм.  Тэдний олсон зүйл бол махан идэшт динозаврын үр хөврөл бүхий өндөг байлаа.  Энэ эрдэмтдийн дунд олон жил маргалдаж байсан маргааныг тасалж динозавр амьд зулзага төрүүлдэггүй, харин өндөглөдөг болохыг баталж өгчээ.

Үүнээс өмнө 1859 онд францын өмнөд нутгаас Жеан Жакүэс гэгч өндөг олж байсан боловч тухайн үедээ тэр өндгийг аварга шувууны өндөг гэж үзжээ. 

1869 онд Маферон гэгч мөн л динозаврын өндөг олсон боловч олдвороо аварга матрын өндөгт хамааруулчихжээ.  Харин 1877 онд Паул Гервайс эдгээр олдсон өндөгнүүдэд нарийвчилсан судалгаа хийгээд динозаврын өндөг байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлжээ.  Энэхүү таамаглалыг хэдхэн жилийн дараа Монголоос олдсон олдвор баталж өгсөн юм.

 

Солир - Монголын нутагт унаж байсан солируудын тухай
Солир гэж юу вэ? Аж Богд солирАсар хурц галан бємбєлєг тэнгэрийн мандлаар нисэн харвах нь харагддаг үүнийг толир гэж нэрлэдэг. Толир агаарт бүр мєсєн шатаж дуусалгүй дэлхийн гадарга дээр унах нь элбэг. Үүнийг нь солир гэнэ. Солирын хэмжээ янз бүр байна, 1927 онд ємнєд африкаас 70 тонн солир олдсон нь хамгийн том нь юм. Солир бол нарыг тойрон эргэж байдаг хатуу бодисын хэлтэрхий учраас жижиг гарагтай тєстэй нарны аймгийн гишүүн юм. Сансарын эдгээр биет газрын татах хүчний нєлєєгєєр маш хурдтай буухдаа агаарын эсэргүүцэлтэй тулгарч улайсан шатдаг.  Хурц гэрэл цацруулан зурсхийх нь үүлгүй цэлмэг шөнийн тэнгэрт бүр ч тод харагддаг юм. Үүнийг солир харвах гэнэ.  Солир, Толир гэж нэг ойлголт шүү. Тэнгэрт зурсхийн явж байгаа нь толир, газарт унаад хүн олж авч чадаж байгааг нь солир гэнэ. Хүн олж авч чадаагүй олон солирууд энэ дэлхийгээр бас чиг олон байгаа байх даа. Солирыг дотор нь чулуун солир, тємөр солир, чулуу-тємөр холимог солир гэсэн 3 тєрєлд хуваадаг. Манай гараг дээр унасан солируудын ихэнх нь тємєр солир байдаг боловч аль ч тєрлийн солироос дэлхийд байдаггvй химийн найрлага, бодис огтхон ч олдоогvй.  Солирын бүтцэд цацраг идэвхт бодис, тугалга байдаг.  Үүнийг  ашиглан насыг нь тогтоодог. Солир унасан газарт аяга хэлбэрийн тогоо үүсдэг. Хамгийн том солирын тогоо Аризонд олдсон ба диаметр нь 1200м, гүн нь 200м байжээ.  Монгол нутагт олон сая жилийн өмнө унасан хэд хэдэн солирын тогоо байдаг. Өмнөговьд байна, Дорноговьд байна, Говь-Алтайд бас байна.  Өмнөговь, Говь-Алтай хоёрынх нь нэрийг мэдэхгүй байна. Дорноговийнх нь Таван Хар гэдэг. Монгол оронд унасан хамгийн том солир нь Ховд аймгийн Булган сумд унасан Мєнгєн дєш  солир 20т жинтэй. Мөнгөн Дөш солир нь Өмнөд Африкаас олдсон ГОБА 70тн, Гренландаас олдсон Кейп-Йорк 32 тн, Мексикээс олдсон Бакубирито 27 тн жинтэй солируудын дараагаар орох том солир юм.  Энэ солирыг анх нэрт эрдэмтэн, газарзүйч О.Намнандорж олж тэмдэглэжээ. Энэ солирын талаархи мэдээлэл маш хомс байдаг бөгөөд нутгийн хүмүүс яриагаар 1960-аад оны үед Монгол Хятадын хилийн бүс тогтоох үеэр Хятадын нутагт орсон. Тухайн үед нутгийн хүмүүс солирыг хоёр трактороор чирч нутагтаа оруулах гэсэн боловч хөдөлгөж дийлээгүй юм билээ. Үүний дараа 1952 оны аравдугаар сарын 10-нд Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Аж Богд уулын Тємєр толгойгоос олдсон Аж Богд солир байна. Энэ солирын жин 582.2 кг, урт нь 70 см, єргєн нь 50 см, єндєр нь 45 см орчим. Одоо Байгалийн Түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа.  Ємнєговь аймгийн Манлай сумын нутгаас 1955 оны нэгдvгээр сард олдсон "Манлай" солирын жин нь 166.8 кг, урт нь 95 см, єргєн нь 40 см, єндєр нь 25 см орчим. Аж Богд, Манлай солир нь төмөр солирын ангилалд багтдаг.  Тамир Цэцэрлэг 172 кг, Ноён уул 103 кг зэрэг тємєр-чулуун, Ноён богд, Аж богд Матад мэтийн чулуун, Хэрлэн 33,2 кг, Тулганы Бүлээн 1250 гр зэрэг шилэн солирууд олдоод байна.
"Солир - Монголын нутагт унаж байсан солируудын тухай" цааш унших »
Олгой хорхой - Олгой хорхойн домог
Олгой хорхойМонголын их говийн элсэн манхан, тарамцагт амьдардаг олгой хорхойн тухай домог яриа өнө эртнээс ам дамжигдан яригдаж бидний үеийг хүрсэн ч учир битүүлэг хэвээр л байна.  Олгойн хорхой үнэхээр байдаг уу, эсвэл энэ зүгээр нэг хүний санаанаасаа зохиосон зүйл үү гэдгийг шинжлэх ухаан баталж чадаагүй л байна.  Энэ амьтны сонирхон судалж байсан зарим нэгэн мэдээ сэлт, баримтуудын талаар товчхон өгүүлье. 1924 онд оросын судлаач В.А.Казакевич нэгэн тэмдэглэлдээ"Олгой хорхой байдаг нь сургаар мэдэгдэж байна. Би бүр зориуд хайсан боловч амжилт олсонгүй.  Энэ амьтаны талаар нутгийн хүмүүсээс мэдээ сэлт цуглуулсан бөгөөд аман яриагаар газар нүхэлж ордог говийн элсний аварга могой бөгөөд говийнхон энэ могойг маш хортой хэмээдэг бөгөөд ухаангүй айдаг" гэж тэмдэглэжээ. 1930-аад онд Монголд ажиллаж байсан ЗХУ-ын эрдэмтэн судлаач А.Д.Симуков аян замын тэмдэглэлдээ нэгэн сонирхолтой баримт үлдээсэн байх юм: " Олгой хорхой гэдэг нь Заг Сүүжийн говьд байдаг ердийн амьтан.  түүний тухай хүмүүс ч их ярьдаг, мөн их айдаг.  Энэ амьтан нь голдуу борооны дараа, газар нойтон байх үед газрын гадарга дээр гарч ирдэг...гэрт бол голдуу хувин савны доор, чийгтэй газар гарч ирнэ...  өнгө нь хоргой цагаан өнгөтэй", гэж тодорхойлжээ."Олгой хорхойг одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээгүй байгаа хэвлээр явагч хоёр нутагтан буюу аварга өт юм.  Загтай халуун хоолойд л тааралдана. Газар дор амьдардаг.  Хамгийн том нь гарын бугуй шиг бүдүүн, урт нь бараг нэг метр хүрнэ. сүүл тийшээ нарийсдаггүй, цавчигдсан мэт мухар. Толгойг нь олох амаргүй" гэж бичиж үлдээжээ. Олгой хорхой   Гэхдээ дээрхи мэдээ сэлтийг үлдээсэн эрдэмтэн судлаачдын хэн нь ч олгой хорхойг биеэр үзээгүй байдаг.
"Олгой хорхой - Олгой хорхойн домог" цааш унших »
Хэрмэн цав
Велоцираптор - динозаврХэрмэн цав - Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тосон Бумбын нурууны салбар уул Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүрт Ингэн Хөөвөрийн хоолой руу хандсан 10 гаруй км урт үргэлжилсэн 100-200 метр гүнзгий жалгатай мөргөцөг юм.  Хэрмэн цав нь  нар салхи, усны элэгдлийн үйл ажиллагааны улмаас үүсч бий болжээ. Хэрмэн цав нь Монголын говийн нэгэн гайхамшигт тогтоцын нэг бөгөөд хэрмэн цавыг үзэх хүсэлтэй жуулчдын тоо жил ирэх дутам өсч байна. Хэрмэн цав нь Ингэн хөөвөрийн хоолойн үзэсгэлэнт баянбүрдүүдийн нэг юм.  Хэрмэн цав дунд байх баянбүрдэд хулан, чоно зэрэг амьтдын мөр элбэг таарч байлаа.  Хэрмэн цав руу аялах нь анхандаа Монголын аялал жуулчлалын хэцүү бэрх, айдас төрүүлсэн чиглэлүүдийн нэг байлаа.  Анх 1999 онд бид Хэрмэн цав руу явж байхад зам байхгүй, цул элсэн дундуур явдаг, машин тэрэг эвдэрвэл бараг амь гарахгүй айл амьтан байхгүй мэтээр л нутгийнхан ярьдаг байв.  Анхны аяллын үед бага зэрэг айдас төрж байлаа.  Нутгийнханы ярьсан зүйлс бас ч оргүй хоосон зүйл байгаагүй юм.  Хэрмэн цав руу явсан зам гэхээр юм ч байсангүй, сайр жалга, дов толгодыг даван элсэнд суух үедээ сууж байж хүрсэн. Түүнээс хойш олон удаа очсон. Одоо ч энэ байдал нь хэвээрээ л байна.  Зундаа жуулчид их очдог болсон тул Хэрмэн цав руу тод замтай байдаг.  Харин хавар эрт зам гэхээр юм байдаггүй. Энэ нь салхи шуурганы улмаас замууд нь элсэнд дарагдаж алга болдог.  Хэрмэн цав руу очиход Зулганайн баянбүрдээс Хайчин уулыг чиглэн явж очиж болно.  Нөгөө нэг зам нь Наран даацаас Шаригийн Сондог уул хүрээд ертөнцийн зүгээр баруун хойш чиглэн явж хүрч болно. GPS солибцол N43°27'9.4", E99°51'33" оршино.  Хэрмэн цав руу аялах үедээ  та бүхэн  ус болон хоол хүнсний нөөцөө сайн базаах хэрэгтэй шүү,  Хэрмэн цав орчимд 30-40 км-т ганц айл байхгүй.  Ус байгаа хэдий ч уух аргагүй байдаг.  Эхний айлууд Шаригийн Сондог уулын ар бэлээр, мөн Наран даац орчимд л байгаа.
"Хэрмэн цав" цааш унших »
(Нийт: 156)