"Nomad's winter - 2010" Аяллын товч хөтөлбөр.

Nomad's winter - 2010" Аяллын товч хөтөлбөр:

Сар, өдөр Арга хэмжээ Зохиогдох газрууд
2-р сарын 13 Битүүний өдөр    
2-р сарын 14 Шинийн 1 "Цагаан Сар"  Төв аймаг. Нууц Товчоо Жуулчны бааз дээр
2-р сарын 15 Шинийн 2 "Цагаан Сар" 
2-р сарын 16 Шинийн 3 "Хурдан Морин Уралдаан"  Төв аймаг Хустайн нуруу дахь Молцог Элс Жуулчны бааз
2-р сарын 17 Шинийн 4 "Бүргэдийн баяр"  УБ хот, Тэрэлж
2-р сарын 18 Шинийн 5 Даланзадгад руу ниснэ. "Тэмээний Баяр"  Өмнөговь аймаг, Булган сум
2-р сарын 19 Шинийн 6 "Тэмээний Баяр" 
2-р сарын 20 Шинийн 7 Улаанбаатар руу ниснэ.  
2-р сарын 21 Шинийн 8 Мөрөн рүү ниснэ.  
2-р сарын 22   "Мөсний баяр", Цаатан фестиваль, Тэшүүрийн ОУ-ын марафон  Хөвсгөл аймаг, Хатгал тосгон, Хөвсгөл нуу
2-р сарын 23   "Мөсний баяр", Цаатан фестиваль, Тэшүүрийн ОУ-ын марафон 
2-р сарын 24   Улаанбаатар руу ниснэ.  

Монгол улсын Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам

Монголын Аялал Жуулчлалын Холбоо

 

Өвлийн аялал жуулчлал - Өвлийн дугуйн аялал - Салхинд гарах уу?
Дугуйн аялал Зун дуусч өвөл ирлээ.  Монголын орны аялал жуулчлалын идэвхтэй улирал дуусч түр амсхийлт эхэлж байна. Энэ салбарынханы хэлдгээр ичээний улирал буюу Монголын урт өвөл ойртож байна.  Монголын аялал жуулчлалын салбарынхан бид зуны улиралд олсон жаахан мөнгөө өвлийн ичээндээ идэж, ханш нээх цагаар туйлдаж ядарсан амьтан шинэ мөнгө, ногоотой залгаж хүч тэвээрэг авдаг уламжлал тогтоод олон жил болж байгаа.  Дарга нар маань Монголын аялал жуулчлалын улирлыг уртасгаж өвөл аялал зохион байгуулах талаар хурал зөвлөлгөөн, хүлээн авалт, зарим нэг өвлийн шоу хөтөлбөр дээр амны уншлага мэт давтсаар, бид сонссоор байгаад улиг болчихжээ.  Бид өвөл юу хийдэг вэ?...  Сүүлийн жилүүдэд зарим нэг байгуулага, холбоодоос өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд бас нилээдгүй ажил хийжээ. Зарим нэг нь ч бас олонд хүрсэн, ямарч гэсэн хүмүүс ямар нэртэй арга хэмжээ болдгийг нь мэддэг. Ийм арга хэмжээнд Тэмээний баяр, Мөсний баяр орно. Мөн Монголын Аялал Жуулчлалын Холбоо болон дээрхи хоёр эвэнтийг зохион байгуулдаг хэд хэдэн төрийн бус байгуулга, компаниуд хамтраад " Нүүдэлчдийн өвөл" арга хэмжээг бий болгосон.  Гэхдээ энэ нь зүгээр Цагаан сар, Тэмээний баяр, Мөсний баярын  комбинаци юм.  Өвөл бид дээрхи эвэнтүүдийг зохион байгуулдаг, мөн эдгээр арга хэмжээг л өвлийн аялал жуулчлал гэж ойлгодог болчихжээ.  Гэхдээ энэ бүхнийг бий болгосон тэр хүмүүсийн санаачлага талаар болоогүй.  Ямар ч гэсэн тодорхой хэдэн эвэнттэй болсон.  Эдгээр эвэнтэд эхэндээ жуулчид нилээд ирдэг байсан, гайгүй ч агуулгатай хөтөлбөртэй байсан юм.  Харин сүүлийн жилүүдэд эдгээр эвентүүд нь орон нутгийн шинж чанартай, баяр ёслолын арга хэмжээ шиг болчихсон.  Том жийптэй, том дарга нар очдог болсон. Олддоггүй дарга нарын царайг харж болно, аз таарвал МУ-ынхаа ерөнхийлөгчтэй ганц юм уучих боломж ч гарч магадгүй шүү.  Том дарга очсон эвент үндсэндээ будаа, утгаа алдана.  Бөөн цагдаа, очсон хэдэн жуулчин, орон нутгийн хүмүүсийг мал хашиж байгаа юм шиг тэрүүгээр ч яв, энүүгээр ч яв, ийшээ ч орохгүй, тийшээ ч орохгүй гээд хэцүү дээ. Жуулчинд зориулсан арга хэмжээ нь байхгүй болчихсон учир тур операторууд нь зарахаа больчихжээ.  Эвентүүдэд маань жуулчид анхандаа нилээд олон тоогоор ирснээс болсон уу, эсвэл монгол хүний энэ чадаад байхад би чадалгүй яахав  гэсэн салан тусгаарлагч үзэл нөлөөлсөн үү ямарч байсан хэд хуваагдчихсан. Казахууд нь бүргэдийн баяраа хэд хувааж өөр өөр өдөр хийнэ, Мөсний баяр бас хоёр хуваагдсан байна.  Аль баярт нь гол арга хэмжээнүүд  болох гээд байгаа нь мэдэгдэхээ больчихсон юм шиг л санагддаг.  Тэмээний баярыг ч хэдэн газар хийгээд байгаа юм бүү мэд, Тэмээний баяр ч тэмээг хамгаалах, тэмээчдийг урамшуулах зорилгоор орон нутгууд хийж байгаа орон нутгийн баяр болсон. Ингээд нөгөө олон жуулчин хүлээн авах зорилготой  бий болсон  эвентүүдийн цар хүрээ нь жижгэрээд алга болж байна даа.  Эвент зохион байгуулаад өвлийн аялал жуулчлал хөгжинө гэж бодвол дэндүү өрөөсгөл ойлголт болно. Аялал жуулчлалын бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч тур операторууд өвөл аялал бий болгож зах зээлд гаргадаг эсэхийг сонирхоод үзсэн чинь бараг юу байхгүйтэй адил байна. Хөвсгөл нууран дээр тэшүүрээр гулгана, Баян-Өлгийд очиж бүргэдээр ан хийнэ. За ингээд тур операторуудын өвлийн аяллын дуусна.  Монголд хэдэн нохойтой, Тэрэлжид нохой чарганы аялал зохион байгуулдаг нэг франц залуу бий. Тэр нь дээр энэ төрлийн аялал зарсан ганц нэг нь дугаарлана. Бусад нь зуныхаа аяллыг бодоод, захиандаа хариулаад гэртээ сууна даа. Аялал жуулчлалынхан өвлийг уйтгартай өнгөрөөнө. Өвлийн аялал жуулчлал хөгжүүлнэ гээд яриад байгаа дарга нарын чинь цэргүүд нь юу ч хийдэггүй болохоор, ам ажил хоёр нь зөрөөд байдаг юм шиг байгаа юм. Мэдээж юу ч хийж зарахгүй бол худалдан авагч ч, мөнгө ч байхгүй нь ойлгомжтой л доо. Манайд өвлийн аялал зохион байгуулах туршлага ч бас байхгүй л дээ.  Ингэхээр өөрсдөө аяллаа зохиогоод өөрсдөө хийж үзэж байж энэ болох юм байна, болохгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрнө. Тэгэхээр аяллууд хийж үзмээр л байна.  Манайд өвлийн аяллыг зохион байгуулах байгалийн боломж их бий.  Африкт байсан бол яая гэхэв. Боломж байгаа юм чинь хийгээд үзэх хэрэгтэй.  Цанын / cross country/, Өвлийн байгалийн зураг авах, морин болон тэмээний аяллыг ч бас хийгээд үзье л дээ.  Манайд өвөл хийж болох олон аяллын төрөл бий.  Энэ бүхнээ санаачлаад хийгээд үзэхээр өөрсдөө ч туршлага чсуух байх. Аяллуудыг бий болгоод зарвал хүн ирнэ дээ.  Монгол орон жилийн дөрвөн улиралд аялж болох гайхамшигтай их боломжтой орон. Заавал тэр хүйтнийг, олон мал чад хийдэг зудыг гадаадад сурталчилах хэрэггүй байх.  Их л олон юм бичлээ.  Гол санаа нь бидэнд өвлийн аяллын бүтээгдэхүүн байдаггүй юм байна.  Өвөл аялал зохион байгуулах туршлага бага байгаа юм байна. Аяллуудаа бий болгоод аяллаа зарцгаая...Энэ зөвхөн миний л бодол.
"Өвлийн аялал жуулчлал - Өвлийн дугуйн аялал - Салхинд гарах уу?" цааш унших »
Богд хан уул - Цэцээ гүн оргил,2258 метр. / явган аялал/
http://www.youtube.com/v/dbSbmJQrNnU&hl=en_US&fs=1&Travelnews.mn сайтыг ажлуулдаг хэсэг залуустай Богд хан уулын Цэцээ гүний оргил руу явган аялал хийсэн юм.  Тэд энэ аяллаа долоо хоногийн амралтын өдрүүдээр зохион байгуулж тогтмолжуулж байгаа юм байна.  Бид Манзуширын хийд ороод тэндээсээ оргил руу явсан. тахилгат овоо - Цэцээ гүнЕр нь Манзуширын хийдээс оргил хүртэл дунджаар 2 цаг хагас орчим өгсөнө.  Уруудахад цаг хагас орчим болно.  Нийтдээ 5 цаг орчим болно. Сүүлийн үед хүмүүсийн "Шар Будгийн Зам" гэж нэрлэх болсон замаар явна.  Уг нь ч будгийн өнгөөр нэрлэгдсэн зам ч биш юм.  Цэцээ гүний орой дээр нэгэн хийдийн туурь байгаа, одоо тэр хийдийн туурийн үлдэц суурь дээр нь овоо босгочихсон байгаа.  Одоо ч сүмийн суурь дөрвөлжлөн  зассан боржин чулуунууд бий. Энэ хийдийн бүрэн бүтэн байсан үеийн фото зураг Манзуширын хийдийн Сэрүүн лавринд бий. Энэ хийд рүү явдаг байсан Богдын морин замыг хүмүүс Шар будгийн зам гээд нэрлэчихсэн юм.  Энэ замыг тэр бүр олон хүмүүс мэддэггүй байсан бөгөөд 1999 онд Rally International Mongolia гэдэг байгууллагын залуучууд анх шар будгаар тэмдэгжүүлсэн байдаг.  Тэд Манзуширын хийдээс, Хүрхрээгийн амнаас Цэцээ гүний оргил хүртэл явах замыг шар будгаар тэмдэгжүүлсэн юм.  Сая явахад замын эхлэл дээр хогийн сав, самбар байрлуулсан байна лээ.  Мөн замын дагууд амралтын цэгүүд бий болгож ширээ сандал хийж байрлуулжээ.  Энэ ажлыг Нийслэлийн аялал жуулчлалын газрын залуучууд зохион байгуулж хийсэн юм байна лээ.  Ингэж замыг тэмдэгжүүлэх нь зөв зүйтэй ажил, ан амьтныг үргээх, зам мэдэхгүй гэж аялагчид айх явдал үгүй болохоос гадна байгалийн бохирдол, хог хаягдал гэдэг зүйлээс уулаа хамгаалж буй хэрэг юм.  Цэцээ гүн рүү явдаг явган аялагчдын тоо ч нилээн нэмэгдэж байгаа, сая намайг явж байхад их олон хүнтэй байлаа. Цэцээ гүний оргилд гарч овоогоо тойрч хийморио сэргээчихээд уруудна. Буух замдаа Манзуширын хийдийг үзвэл зүгээр байдаг - Манжийн хаадын хувилгаан гэгдэх Манзуширын хувилгаан анх МЭӨ II зуунд Энэтхэгт тодрон гарсан бөгөөд түүнээс хойш олон удаа Монголд тодорсон. Анхны Манзуширын хувилгаан ирж, 1733 онд Богд хаан уулын өвөрт гэр хэлбэртэй 80 жангийн хэмжээтэй анхны сүмийг барьсан 1747 онд дуусгасан. 1748 он гэхэд уг сүмийг аравнайлж Дашчойнхорлон хэмээн нэрлэжээ. Энэхүү сүм нь Манзуширын хийдийн анхны дуган байсан учир өвгөн лаврин хэмээн нэрлэгдэх нь буй. 1750 онд Манзуширын лам Агваанлувсанжамбалданзан залагдан ирж уул хийдийг барьсан байна. XVII зууны сүүлчээр Цогчин дуган барьсан бөгөөд Богд хан уулнаас ус татан хиймэл нуур хийж байсан байна. Цогчин дуганыг барьсны дараа олон дуган барьж ар талд нь Богдын шар ордонг барьсан байна. Энэ ордонд Халхын VIII Богд гэгээн 1919-1920 онд сууж байжээ.  
"Богд хан уул - Цэцээ гүн оргил,2258 метр. / явган аялал/" цааш унших »
Мөсний шагай - Монгол ардын уламжлалт тоглоом наадам.
мөсний шагайМөсний шагай хэмээх энэ Монголын уламжлалт тоглоом наадмаар наадагсад нилээд олон болж байгаа.  Мөсний шагайчид долоо хоногийн Бямба, Ням гарагт Туул голын мөсөн дээр нааддаг юм байна. Мөсөн шагай гэх энэ тоглоомоор Монгол эрчүүд эртнээс тоглож ирсэн байдаг. Энэ тухай хамгийн анхны мэдээ баримт нь "Монголын Нууц Товчоо"-нд өгүүлсэн байдаг - Тэмүүжин арван нэгэн настай байхдаа Онон мөрний мөсөн дээр Жамухатай наадаж байгаад өөрийн гуулиар цутгасан шагай ба арц модон годилоо Жамухын гурын шагай ба бярууны эврийг нааж хийсэн дуут сумтай солилцож анд нөхөр болсон тухай өгүүлдэг.  Үүнээс үзэхэд Монгол эрчүүдийн анд нөхөрлөлийн билгэ тэмдэг болсон энэ тоглоом  нь маш эртнээс үүсэлтэй харагдаж байна.  Мөсний шагай хэдийд хэрхэн бий болсон талаар судлагааны зүйлс нилээд хомс бололтой.  Бидний мэдэх боулинг, керлинг зэрэг спорт тоглоомуудын өвөг эцэг нь мөсний шагай ч байж талтай.  Эдгээр тоглоомын арга барил, техник нь мөсний шагайн наадаанд тод харагддаг.  Мөсний шагай нь оноот тоглоом. 1,2,3,4,5 гэсэн оноог өгч тоглоно, хамгийн их оноо авсан нь хожно. Мөсний шагайг тоглохдоо тоглогчид баг болж тоглоно. Мөсөн шагайн харвааны тэмцээн нь цуваа харваа, талын харваа гэсэн хоёр төрлийн харваагаар аваргаа шалгаруулдаг.
"Мөсний шагай - Монгол ардын уламжлалт тоглоом наадам." цааш унших »
Салхинд гарах уу? - Өвлийн дугуйн аялал / аяллын зураг/
Өвлийн дугуйн аяллын үеэр авсан зурагнуудаа орууллаа. 22-ны Ням гарагт Туул голын хөндий дагуу аяллаа. Энэ өдөр дулаахан сайхан өдөр байлаа. -6 хэм орчим хүйтэн байсан. Хүмүүст дугуй унаж тэшүүрээр гулгах нь их л хөгжилтэй байсан. Дугуй, тэшүүрээ аваад салхинд гарах сайхан байсан шүү. Доорхи бичлэгт аяллын үеийн бичлэг бий.  
"Салхинд гарах уу? - Өвлийн дугуйн аялал / аяллын зураг/" цааш унших »
Өвлийн дугуйн аялал - Салхинд гарах уу? / аяллын хөтөлбөр/
Өвлийн дугуйн аялалСалхинд гарах уу? - Цэвэр агаар  - Өвлийн дугуйн аялал. Аялал жуулчлалын Монголиа Экспедишнс ХХК нь долоо хоног бүрийн бямба, Ням гарагт Гачууртад Туул голын эрэг дагуу өвлийн дугуйн аялал зохион байгуулж байна.  Улаанбаатарын утаанаас гарч цэвэр агаар амьсгалан, нэг өдрийг хөгжилтэйгээр өнгөрөөх боломжийг танд олгож байна.  Та бүхэн дэмжиж идэвхтэй оролцоорой.    Өвлийн дугуйн аялалДугуйн аялал:  Өглөө 10 цагт Баянгол зочид буудлын А корпусын урдаас Налайх руу хөдөлж 11 цагт Туул гол дээр ирнэ.  Дугуйгаа буулгаж, угсраад аяллаа эхэлнэ.  Дугуй унаж эхлэхийн өмнө таны хөтөч таньд өвөл дугуйг хэрхэн унах талаар зааварчилгаа өгнө.  Туул голоо уруудаад дугуйгаар явна.  Огцом өгсүүр байхгүй голдуу талаар явна, машин замтай.  Замын талаархи мэдээллийг замын профайлаас харна уу.  Явах зам цастай, мөстэй ч амархан туулна..  Замын зарим хэсэгт голын дагуу мөсөн дээгүүр явна.  Цас, мөсөн дээгүүр дугуй унах нь үнэхээр танд таалагдах болно.  Замдаа бид голын тохойд өдрийн хоол иднэ.  Хоол идэх зуур та Туул голын мөсөн дээгүүр гулгаж, тоглож, зураг авч болно.  16 цагт аялал Гачуурт тосгоны ойролцоо голын эрэгт дуусна.  Дугуйгаар явах замын турш таныг дулаан машин дагаж явна.  Хэрэв ядарч, даарвал машиндаа суугаад амарч болно.  Машиндаа сууж Улаанбаатарт ирнэ. Дугуйгаар аялах нийт замын урт 12,5 км. Аялал явагдах өдрүүд: 11-р сарын 22-ны Ням гарагт болно: Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ өдөр өдөртөө -9 хэм хүйтэн, нартай байна. 11-р сарын 29-ний Ням гараг. 12 сарын хуваарь хараахан гараагүй болно. Замын ерөнхий байдал - профайл Аялалд шаардлагатай болон анхаарах зүйлс: дулаан хувцаслах, ялангуяа бээлий, гутал сайн байх хэрэгтэй, өвлийн хүйтэнд хацар хайруулах магадлал өндөр тул хүйтнээс хамгаалах тос авч ирэх, хүзүүний ороолт, цасны гялбаанаас хамгаалах нүдний шил зэргийг заавал авч явна.  Зургийн аппаратаа, хувийн хэрэглээний зүйлсээ марталгүй авч яваарай. Үнэ: Нэг хүний 25000 төгрөг. Хүний тоо хязгаартай - нэг удаагийн аялалд 6 хүн хамрагдах боломжтой. Аяллын үнэнд:  Аяллын машин, аяллын хөтөч, аяллын өдрийн хоол, "MTB Specialized" унадаг дугуй орсон болно. Захиалга өгөх хаяг: info@mongolia-expeditions.com.  Өвлийн аялал жуулчлал болон дугуйн аяллын талаар эндээс мэдээлэл авч болно. Өвөл голын мөсөн дээр, цасан дээр дугуй унаж буй бидний бичлэг бий.
"Өвлийн дугуйн аялал - Салхинд гарах уу? / аяллын хөтөлбөр/" цааш унших »
Орхон голын Соёмбо үсгийн дурсгал.
Хархориноос Орхон голын хойгуур Улаанцутгалангийн хүрхрээ явах замд, замын дэргэдэх хаданд соёмбо үсгийн нэгэн дурсгал байдаг.  Хэдийд, хэн сийлж зурсан нь тодорхойгүй, энэ талаар мэдээлэл бараг байдаггүй л юм шиг байгаа юм.  Энэ дурсгалын талаар хэн нэгэн мэдэж байвал мэдлэгээ хуваалцаарай.  Би бас газрынх нэрийг сайн мэдэхгүй байгаа юм.  Хэд хэдэн төрлийн бичиг үсгийн дурсгал байдаг. Боржин чулуун дээр хар бэхээр бичсэн, мөн сийлж бичсэн үсэгнүүд байдаг.  Төвхөн хийд, Хүрхрээ явах замдаа үзвэл зүгээр.  Хүмүүс бараг мэддэггүй тул дэргэд нь хадаг яндар бүхий овоо, мод байхгүй, хүмүүс гараа хүргэж шар тос түрхээгүй байдаг.  Он цагийн урсгалд элэгдэж бичиг үсэг нь бүдгэрсэн байдаг. GPS солибцол N47°1' 40.4", E102°40'4.5". Солибцол авах үед 50 метрийн алдаа зааж байсан тул хайж олох хэрэг гарах байх. Хархориноос 25 орчим км.
"Орхон голын Соёмбо үсгийн дурсгал." цааш унших »
Түрэгийн жанжин Тодогийн бунханыг Заамараас олжээ.
Орос Монголын эрдэмтдийн хамтарсан судалгааны баг Төв аймгийн Заамар болон Булган аймгийн  Баян-Уул сумын нутгийн зааг дээрээс 1300 жилийн өмнөх язгууртны бунхан олсон байна.  Манай улсад эртний булш бунхан олон байдаг ч илрүүлэн судалгаа хийж байгаа анхны тохиолдол нь энэ хэмээн бунхныг судалж буй эрдэмтэд онцолсон байна. Эртний бунханыг судлах ажлыг Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Буриадын архелогийн судалгааны  ангийнхан хамтран хийж байгаа гэнэ. Хоёр сумын зааг дээрээс олдсон бунхан нь нэлээд том бөгөөд газрын хөрснөөс доош зургаан метр гүн байсан гэнэ.  Уг бунхныг гаднаас нь харахад жижиг толгодын дайтай том байжээ. Бунханг 4,5х5,6 метр хэмжээтэй, 2,6 метр өндөрт байгуулж, түүний дээр таван метр өндөр, 30 метр диаметртэй шороон овоолго хийж гадуур нь 110х96 метр тэгш өнцөгт хэлбэртэй шороон хэрэм босгож хамгаалсан байжээ. Харин дотроо 25 метр орчим хонгилтой бөгөөд гол хэсэгтээ модоор урласан хүүхэлдэй, морь, тэмээ, үхэр, арслан, загас, алтан гургуул, галбингаа, гахай зэрэг амьтад болон эмэгтэй, эрэгтэй хүний сийлбэр байжээ. Түүнчлэн  75х75 сантиметрийн хэмжээтэй дөрвөлжин тэгшлэн зассан хоёр чулуунд талийгаачийн намтар тэр үеийн үйл хэргийг нь бичээд бунхны чулуун хаалганы ойролцоо давхарлан тавьсан байсан гэнэ. Манай эрдэмтэд бичээсээр энэ бол Түрэг угсааны Пугу аймгийн эзний булш байж болох юм хэмээн үзжээ. Үнэхээр ч лавшруулан судалж Түрэгийн Пугу аймгийн ерөнхий захирагч цэргийн жанжин Тодогийн бунхан гэдгийг нотолсон байна. Харин хоймор дахь авс дээр 750 хятад ханзаар эрх ямбатан хүмүүсийн хэрэглэдэг тэмдэг зурсан байжээ.  Бунхны эзэн 677 онд 44 настайдаа нас барсан байна. Монгол нутагт оршин тогтнож байсан Түрэг угсааны Пугу аймаг нь 30 мянган өрх айлаас бүрдсэн 10 мянган шилдэг морин цэрэг гаргах чадвартай аж.

"Түрэгийн жанжин Тодогийн бунханыг Заамараас олжээ." цааш унших »
Домбор буюу домбыра - Домбор хөгжмийн тухай домог.
домборДомбор буюу домбыра - Дуу хөгжим, хурдан морь бол Казахын ард түмний хос жигүүр билээ. Казах түмнийг домборгүйгээр төсөөлөх аргагүй. Домбор бол Казах үндэстний эртний чавхдаст хөгжмийн зэмсгүүдийн нэг билээ. Казах айл болгонд домбор байдаг бөгөөд хүүхэд хөгшид гэж ялгалгүй домбор хөгжимөөрөө тоглож чаддаг. Домборыг гаднаас нь харахад том модон шанага шиг хэлбэртэй. Домбор нь шанага, нүүр, иш, чих гэсэн үндсэн хэсгүүдтэй. Домборыг урлахдаа нарс модыг шанаган хэлбэрт оруулан зорж цар үүсгэн хатаагаад, царан дээрээ хавтгай мод нааж хонь, ямааны өлөн гэдсийг ээрч утас хийгээд, хоёр утас татаж ишин дээр нь 9 эгшигийн хөг данг тохируулж өгнө. Ингэж домбор хөгжим бий болно.   
"Домбор буюу домбыра - Домбор хөгжмийн тухай домог." цааш унших »
Монгол орны Улаан ном - Монгол Улсын Улаан номонд орсон зарим амьтад.
Цөөвөр чоноЦөөвөр чоно /Cuon Alpinus Pallas/ - Цөөвөр чоно нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох нохдын овогт багтдаг. Биеийн урт 100 орчим см, сүүл 50см, Африк, Азийн өмнөд хэсэгт байдаг. Янгир, аргаль элбэгтэй хад цохиотой уулсаар байрладаг. Саарал чоноос биеэр бага, тод улаан, шаргал зүстэй, сагсгар сүүлтэй, сүрэглэн явж гөрөөс барьж иддэг. Алтайн өвөр говьд Аж богдын зүүн үзүүрээс Хачигийн уул нутагт үзэгддэг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах Олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. МУ-ын ан агнуурын хуулинд цөөвөр чоно агнахыг хориглосон заалт оруулах, амьдрах орчин зүйг нь судалж, хамгаалах арга хэмжээ боловсруулах зорилгоор хамгаалалтанд авсан. Lutra lutra LinnaeusУмардын халиу /Lutra lutra Linnaeus/ - Умардын халиу нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох суусарын овогт багтдаг. Манай улсын Халх голд Амгалантаас улсын хил хүртэл, Шишгэд голд Тэнгис Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртэл нутгуудаар үзэгддэг.  Монгол улсад халиу агнахыг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалсан. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал амьтны зүйлээс олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I хавсралтанд орсон.  Халх гол, Доод Шишгэдийн голыг халиуны нөөц газар тогтоох, хадгалан байлгах, хамгаалах олшруулах зорилгоор хамгаалалтанд авсан. Lutra lutra - голын халиуГолын халиу /Lutra lutra/ - Махчдын баг, суусарын овог бөгөөд монголд нэг зүйл байдаг. Ус, хуурай газар амьдрах зохилдолгоотой махчин амьтан. Биеийн урт 55-95 см мөч богинохон хурууны салаа арьсаар холбогдсон угаараа бүдүүн хөлтэй. Хүрэн халиун бор зүсмийн өтгөн ноолууртай, тачир үслэг, мөн махилзаж суналзсан өвөрмөц хөдөлгөөнтэй амьтан юм.     Saiga tatarica mongolicaМонгол бөхөн /Saiga tatarica mongolica/ - Монгол бөхөн нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийд нэн ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэм талд нутаглана. Соргог бөхөн /Saiga tatarica tatarica/ - Монгол улсад байгаа нэн ховор амьтан бөгөөд зүүн гарын говьд, Монгол-Алтай нурууны бэлээс урагш, Булган голын хооронд өндөр уул, говиор хэсэгхэн нутагт ХХ зуунаас өмнө олноороо нутагшиж байжээ. Харин түүнээс хойш тоо толгой эрс хорогдон иржээ. 1950-иад онд зөвхөн Хавта, Байтаг уул хавь, Бор цонжийн говьд цөөхөн үзэгдэж байснаа тавиад оны дундаас үзэгдэхгүй болж, 1970-аад оны сүүлчээр Аргалант уулын орчим дөрөвхөн бөхөн байсан бол одоо үзэгдэхээ больжээ. Camelus ferus, PrzewalskiiХавтгай /Camelus ferus, Przewalskii/ - Хавтгай нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Бие 250-360 орчим см урт, сэрвээгээрэ 180-210 см өндөр. Хоёр бөхт зэрлэг тэмээ. Хавтгай зэгзгэр бие, жижиг бөх, нарийн урт цац, тачир шингэн үс-зогдортой, цайвар зүстэй. Анатоми, амьдралын олон шинжээрээ гэрийн тэмээнээс ялгаатай.     Sus Scorfa nigripes blanfordЗэгсний гахай /Sus Scorfa nigripes blanford/ - Зэгсний гахай нь хөхтөн амьтны аймгийн Хос туурайтны баг болох гахайн овогт багтдаг. Говь цөлийн баянбүрд, талын татам, нуурын эргийн зэгс шагшуурга, бутан ширэнгэ шугуйд байршдаг. Манайд Хар-Ус нуурын эргийн зэгс шагшуурган ширэнгэнлд тогтмол нутаглаж хааяа Хар нуур, Булган, Ховд голын сав, Зэрэгийн хөндий,Шаргын говьд тархсан. Зэгсний гахайг улсын бүртгэлд агнадаггүй. Нутгийнхан хувьдаа агнуурын хугацаанд агнахыг зөвшөөрдөг.
"Монгол орны Улаан ном - Монгол Улсын Улаан номонд орсон зарим амьтад." цааш унших »
(Нийт: 157)