Сөөгтийн агуй нь Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Галтайн голын цутгал Сөөгтийн голын хөндийн баруун гар талд Живхээстэйн голын зүүн салаанд орших хадархаг уулын ар шилд хүний нүдэнд харагдахааргүй газарт оршино. GPS солибцол: N 49°10' 18", E 110°58'40", д.т.дээш 1199 метр. Сөөгтийн агуй нь 70 орчим метр урт, босоо тогтоцтой агуй юм. Энэ агуй нь монгол нутагт мэдэгдэж босоо тогтоцтой агуйнуудын хамгийн гүн агуй юм. Сөөгтийн агуйг зарим ном болон guidebook-т Галтайн агуй гэж нэрлэсэн байх нь бий. Сөөгтийн агуйн ерөнхий урт нь 72 метр урт, гүн нь газрын гадаргуугаас 45 метр төгсөх бөгөөд хөндлөнгөөр 36 метр үргэлжилнэ. Уг агуйд салаалсан хонгил нүх байхгүй. Агуйн адарт том жижиг нүх сүв элбэг, заримаас нь ус дусалж мөсөн унжлага тогтсон байдаг. Агуйд унжуу болон ургаа бана ажиглагдаагүй. Агуйн ерөнхий хэлбэр нь хүүдий маягтай. Хүүдий маягийн босоо агуйд агаарын солилцоо муу явагддаг учраас хорт хий үүсэх боломжтой байдагийг анхаарахад илүүдэхгүй биз. Ялангуяа зуны улиралд агаарын солилцоо зогсож хорт хийн хуримтлал бий болох талтай. Уг агуйд зуны улиралд хүрэхэд нэн бэрх. Өвлийн улиралд очвол зүгээр байдаг. Агуйд орохдоо аюулгүй байдлыг сайн хангаж орох хэрэгтэй. Агуйн аманд машинаа ойртуулж машинаас бэхэлгээ хийж орвол зүгээр. Ганц нэгээр эл агуйд орох боломж байхгүй. Уг агуй нь улсын хилд маш ойрхон учир газар сайн мэддэг хүнээр газарчлуулж очих хэрэгтэй. Мөн хилийн зурваст зорчих зөвшөөрлийн бичгийг хилийн цэргийн удирдах газраас авах хэрэгтэй. Уг агуйд анх 1988 онд ШУА-ийн дэргэдэх Хангай-Говь багийнхан орж хэмжээ, эзэлхүүнийг нь тогтоож паспортжуулсан гэдэг.


Сэтгэгдэлүүд:
Уучлаарай таны блогын байнгын үйлчлүүлэгч би юмаа. Тэгээд таны messenger ID хаягийг авч санал сэтгэгдэлээ солилцох гэсэн юм. Бас асуух зүйл ч байна.
Монголд агуйн аяллыг хөгжүүлэх боломжийг та хэрхэн үздэг бэ?
Дээр бичсэнчлэн босоо болон нэлээд гүн агаарын солилцоо муу явагддаг агуйнуудад хүний биенд хортой болон тэсэрч дэлбэрч болох ямар ямар төрлийн хийнүүд байж болох болон үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар товч зөвлөлгөө өгч тусална уу. Баярлалаа.
Агуйд орох аюулгүй ажиллагааг сайн мөрдөх хэрэгтэй. Агуйд намгийн хий буюу метан үүсэх нөхцөл өндөр байдаг тул агуйд гал бамбар барьж орж болохгүй.
Сэтгэгдэл үлдээх: