Эртний түүхт Орхоны хөндийд аялагч жуулчдын сонирхолыг ихээхэн татдаг нэгэн балгас бий. Энэ балгас нь МЭ745-840 оны хооронд Монгол газарт Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруугаас өмнийн говь хүрэлх өргөн уудам газар нутгыг захирч байсан Уйгар улсын нийслэл Ордубалык балгадын туурь юм. Үүнийг нутгийн ардууд Хар балгас гэдэг. Хар Балгас нь Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхон голын хөвөөнд Хархорин хотоос чанх хойд зүгт 25 км-ийн зайд оршино. GPS солибцол: N 47° 25.782' E 102°39.490' оршино. Хар балгасыг 1871 онд анх оросын аялагч Падерин гэгч нээж илрүүлсэн байдаг. 1889,1890,1891 онуудад Оросын ШУА-ийн эрдэмтэн Д. А. Клеменц, В.В.Радлов нар судалгааны малтлагуудыг хийж байжээ. 1933-34 оны үед Д.Букенич, 1949 онд С.В.Киселев, Х.Пэрлээ нар малтлага хийсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар Хар балгас анхан Орхоны хөндийд байгуулагдаагүй, хожим тэнд нүүж очсон байна. Ордубалык хотын хэрэм нь 12 том хаалгатай байсан, мөн хааны ордон нь 30 метр өндөр алтан гэртэй байсан тухай МЭ 821 онд Уйгарын Ордубалыкт зочилсон Арабын Саманид улсын элчин сайд Тамим ибн Бахр сурвалжид дурдсан байдаг.
Уйгарууд 745 онд Тейло хэмээх хааны үед Түрэгийн эсрэг бослого гаргаж, Дорнод Түрэгийн хаант улсыг орлож Уйгурын хаант улсыг байгуулжээ. МЭ751 онд Орхон голын хөндийд Хар балгас нийслэлийг үндэслэжээ. Эртний сурвалж бичигт өгүүлснээр, Хар балгас нь Уйгарын хааны төрийн өргөө, төрийн яамд, гар үйлдвэр, худалдааны хороод, шашны сүм, бэхэлсэн цайзат хэрмээс бүрдсэн, урагшаа 25 км зайд үргэлжилсэн их хот байжээ. Нүүдэлчид хотоо тойруулан хэрэм барих нь түгээмэл байгаагүй атал Хар балгаст ийм хэрэм барьж байжээ.

Хар балгасны цайзат хэрэмний хана туурга нь нэлээд нурсан боловч цайз нь одоо 12 метр, хэрмийн төв дэх том цамхаг нь 14 м өндөр байна. Хэрмэн дотор малтлага хийхэд үзэмжит сайхан чимэглэлтэй ордны барилгын ор олдсон нь Хятадын Тан улсын / 618-907/ үед холбогдох зүйл байжээ.
Цайзат хэрмийн үүдэнд цэцэрлэгт хүрээлэн байсан байна. Цайзат хэрмэнд Уйгарын хааны орд харш байжээ. Түүнээс гадна хааны ордонд холбогдох хааны бурхан шүтээн байсан бололтой хэрэмтэй дуган сүм байсны ор байдаг. Түүний үүдэнд Уйгар, хятад, орхон-енисейн бичээстэй гэрэлт хөшөөнүүд тавиастай байсан бөгөөд эдгээр нь уйгарын хаадад зориулагдсан байжээ. Хар балгасны баруун хойд, баруун хэсэгт худалдаа гар үйлдвэрийн хэрэм барилга олон байсан байна. Хотын энэ хэсэгт явуулсан малтлагаар олон тооны чухал зүйлс хавтгай хүрэл, хүрэл хайлмагийн үлдэц олдсон ба 840 онд холбогдох хятад зооснуудыг олжээ. Мөн Хар балгаснаас "Киргыз ваар"-ны хагархай олноор олдсон нь тэнд олон хүн сууж, гар үйлдвэр эрхэлж байсны гэрч юм. Хар балгас нь тухайн үеийн соёлын томоохон төв их хот байсан боловч 100-гаад жилээс илүү насалсангүй, 840-өөд оны үед Енисейн киргыз нар Уйгар улсыг мөхөөхөд гал түймэрт өртөн сөнөжээ.

Киргызүүд туc хотыг сүйдлэн эвдсэн гэж түүх сударт тэмдэглэгдсэн байдаг. Үүнийг археологийн малтлагын явцад олсон олдворууд баталдаг. Хар балгасын айл бүр тарианы гар тээрэмтэй байсан авч, тээрмийн нэг ч бүтэн чулуу одоо хүртэл олдоогүй бөгөөд цөм хагархай олддогоос гадна, балгасны бичигт хөшөөнүүдийг зориуд цүүцдэн буталсан байдаг нь Киргызүүд энэ хотыг зориудаар газрын хөрснөөс арчихийг зорьжээ гэдэг нь батлагддаг. Киргызүүдэд уйгарууд цохигдон арга буюу урд зvгийг зорьж, одоогийн Шинжаан-уйгарын нутаг руу зугтахад нэгэн эмэгтэй хадаг, сvvгээ барин "эд хөрөнгө нь гадагш гараг, буян хишиг нь эндээ vлдэг" хэмээн хэлсэн гэдэг домог байдаг. Хар балгас нь Монгол төдийгүй дэлхий дахины түүх, соёлын нандин өвийн нэг юм.


Сэтгэгдэлүүд:
Сайхан мэдээлэл оруулсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх: