
Ноён хутагт Д.Данзанравжаагийн Галбын ууланд байгуулсан гурван хийдийн нэг нь Улаан Сахиусны хийд юм. Эл хийдийг мөн Рийтэд гэж нэрлэдэг. Эл хийдийг байгуулсан тухайгаа ноён хутагт Д.Данзанравжаа өөрийн товч намтартаа "...Туулай жил Галбын хийдүүдийг бариулж дуусган Чойлонгийн хийдээс их улаан сахиусыг залвай" гэсэн байдаг. Улаан сахиус гэдэг нь Жамсран бурхан юм. Улаан Сахиусны хийдэд бясалгал, агийн ёсны хурал хурдаг байжээ. Тус хийдийн туурь Өмнөговь аймгийн Ханбогд сумаас урагш 7,8 км газарт байна. GPS солибцол - N 43°08.751' E 107°07.505' д.т.дээш 1199 метрт оршино. Улаан Сахиусны хийдийн өмнө зүгт 2 км-т Дэмчигийн хийд оршино. Улаан Сахиусны хийд Цагаан толгойн хийдийг бодвол арай багавтар хийд байсан бөгөөд 5 том дуган дацантай байжээ.
Дуган дацанг дан засмал боржингоор суурийг тавьж, түүхий тоосгоор барьсан байна. Хийд нь туйпуун ханатай төвд маягийн том дугантай, уг дуганыг нь хадны агуйтай ханаар холбосон байна. Хананы наана сүсэгтэн олон үзэхэд зориулж хадан уул босгож дундуур нь ус урсгаж янз бүрийн үзмэрийн зүйлс байрлуулсан байсан энэхэн орчиндоо диваажингийн орон мэт амар амгалан байдлыг үүсгэж байжээ. Агуйн хойд хэсэгт бурхан нь байсан байна. Галбын улаан сахиус нь маш том Жамсран бурханы дүр байсан бөгөөд түүний дээр нь лавир гэж хүний арьсыг дэлгэн хадсан байжээ, энэ арьс нь нуруугаараа үстэй байсан гэж нутгийн өвгөд хөгшид хөөрдөг.
Улаан Сахиусны хийдэд алмасны арьсыг хадгалж байжээ.
Улаан Сахиусны хийдэд хадгалагдаж байсан лавир гэгч энэ хүний арьсыг алмасын арьс байсан гэсэн яриа мөн нутгийн учир мэдэх хөгшчүүлийн дунд байдаг. Алмас буюу хүн гөрөөсний энэ арьс энэ хийдэд хэрхэн хүрч, хадгалагдсан тухай түүх их сонин байдаг. 1837 онд Үзэмчний алтан үүрэгт бадарчин гэж алдаршсан Лувсандоной бадарчин Лхас ороод буцаж явахдаа Цэнхэр номингийн говиос заган дунд үхсэн байсан эрэгчин хүн гөрөөс олжээ. Тэрээр түүнийгээ өвчиж арьс, цөсийг нь аваад Богдын хүрээнд ирсэн байдаг. Тухайн үед зөв хатаасан хүн гөрөөсний цөс маш үнэтэйд тооцогддог байжээ. Маарамбууд түүгээр хүнд анагаадашгүй өвчнийг эмчлэх эм хийхэд хэрэглэдэг байв.
Лувсандоной бадарчин алмасны цөсөө Богдын эмч Луу маарамба гэгчид чигчий хуруу дайтай алтаар зарсан байдаг. Мөн хүн гөрөөсний давсалсан арьсаа Галбын улаан сахиусны хийдэд өргөл болгон өгчээ. Хийдийн урчууд түүгээр чихмэл хийсэн бөгөөд уг чихмэл 2 метр орчим өндөр, цээж өргөн, бөгс шувтан, урт гартай, хамрынхаа угт ойрхон улаан нүдтэй, ганц хуруу орчим өргөн духтай, зулайгаараа хавтгай, хойшоо гээдэн, толгойдоо азарганы дэл мэт үстэй, биеэрээ улаан саарал ноолуурхаг үстэй, суга цавиараа нимгэн үстэй, цүрдгэр гэдэстэй, нүүрэндээ хөмсөг, сормуус, сахлаас өөр үсгүй, хөлийн эрхий хуруу, долоовор хуруу нь том, палбагар өргөн тавхайн нь тэмээний тавхайтай адил зузаан эвэрлэг сайртай байсан тухай Лувсандоной бадарчин хуучилжээ. Энэ хүн Төв аймгийн Баянзүрх сумын харъяат, 1974 онд 72 настай хүн байжээ. Энэ чихмэл мөн 1939 онд Галбын хийдийг буулгаж тараахад үрэгдэж алга болжээ. Алмасны тухай дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл энд дар.

Хийдийн туурийн ерөнхий байдал.

Агуйтай холбосон дуганы үлдэц, энд хийдийн гол бурхан байжээ.

Хийдийн урд талаас авсан зураг.

Хадан дээр бас иймэрхүү ............дүрс байна. Утга нь..........


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: