Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Зүүн Сайхан уулын Ногоон Чулуутын амны эх, Бааст ууланд 18 метр урт нэгэн агуй байх бөгөөд нутгийнхан Баастын агуй гэж нэрлэнэ. Агуйн ам урагш харсан байрлалтай, холоос тод харагдана. Агуйн амны урд тавцанг чулуу өрж зассан, агуйд орох хоёр амтай. Агуйн нь хоёр танхим нэг үндсэн хонгилтой. Үндсэн нэгдүгээр танхимаас 5 метр урт хонгилоор мөлхөнө, хонгилийн эцэст тулаад, 6 метр өндөр босоо хэлбэрийн хүнхий байна. Агуйд усны илэрц, нэвчилт ажиглагдсангүй. Агуйн амны хананд хоёр ширэг янгирын эврийг тавьсан байна. Агуйн тухай нутгийнханаас асууж тодруулахад агуйд ирвэс үүрлэж зулзагаа/ гүемээ гаргадаг байсан тухай ярьж байлаа. Биднийг агуйд хүрч очиход агуй амны дэргэд нээрээ л ирвэсний шинэхэн мөр, бумба байв. Бумба - багахан хэмжээний овгор шороо, Ирвэс ялгадасаа шороо овоолж нуудаг. Гэхдээ нутгийн анчин залуу Чулуунхүү хэлэхдээ: Энэ агуйд одоо ирвэс үүрлэдэггүй гэнэ. Гурван жилийн өмнө германаас ирсэн зурагчин ирвэсний зураг авахын тулд уг агуйг нутгийн залуучуудаар утуулснаас болоод ирвэс нь дайжсан гэв. Гал тавьж утсан газрынх нь ором тод ажиглагдаж байлаа. Баастын агуйн ойролцоо ламын агуй, ларингийн агуй гэх мэт жижиг агуйнууд байна.

Баастын агуйн ам

Агуйн гол хонгил


Агуйн амны ойролцоо байсан ирвэсний бумба.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: