Завханы Эрдэнэхайрхан сумын нутгаар аялсан товч тэмдэглэл

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутгаар аялсан тэмдэглэлээ та бүхэн хүргэж байна. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт Их, Бага Хайрхан уул, Нарийн, Мухартын гол, Сэнжит хад, Улаагчны хар нуур  зэрэг аялагч жуулчдын сонирхолыг татахуйц олон сайхан газрууд байдаг.  Бид аяллаа Алтан Манзуширын орон Алтан тэвш буюу Их хайрхан уулнаас эхэлсэн.

Их хайрхан уулыг нутгийнхан Алтан Манзушир бурханы орон Алтан Тэвш уул гэж эртнээс тахиж шүтэж ирсэн байна. Энэ уул нь холоос харахад нээрээ л хөмрөөд тавьсан тэвш мэт харагддаг. Уул нь бүхэлдээ шохой чулуун тогтоцтой. Нутгийнхан Их Хайрхан ууланд эрдэнийн эрхи болсон 108 агуйтай гэж ярьдаг.  Үнэхээр Их хайрхан ууланд 100-гаас дээш метрийн урттай 3 том агуй бий, үүнээс гадна агуй мэт харагдах олон нүхнүүд энэ ууланд байдаг.  Эхийн агуй, Бага агуй, Намжирын агуйнууд агуй судлаачдын сонирхолыг татаж байдаг. Эдгээр агуйнууд шохой чулуунд, усны үйл ажиллагаар бий болсон хөндийлжийн гаралтай агуйнууд юм. Энэ нутгийнхан Эхийн агуйгаа ихэд шүтдэг юм билээ.  Эхийн агуй нь Их Хайрхан уулын баруун хойд аманд оршино. Агуйн ам холоос тод харагдана. Агуйн амны урд хадаг яндар бүхий овоо босгосон байдаг.  Агуйд ороход агуйн үүдэнд хүмүүс ирж идээ будаагаа өргөдөг тавцан байна.  Эл тавцан дээр хүмүүс арц хүж өргөдөг бололтой сангийн бойпор гэх шашины холбогдолтой эд зүйлс өрөөстэй байдаг. Мөн агуйд ирсэн хүмүүс нэр ус, хаягаа бичиж үлдээдэг жижиг дэвтэр байна.  Агуйн хэвтээ тогтоцтой, үндсэн хоёр хонгилтой агуй. Хүмүүс агуйд орохдоо лаа, бамбар барьж орсноос болж агуйн хана, адар нилээд тортог болсон харагдаж байлаа.  Дашрамд хэлэхэд, агуйд гал барьж орох бол ер нь аюултай.  Таньж мэдэхгүй агуйд орохдоо гар чийдэн хэрэглэж хэвших хэрэгтэй. Агуйн эхэн хэсэгтээ босоогоор явах боломжтой, мухар хэсэгт нь мөлхөж хүрнэ.  Нутгийнхан агуйн мухар байдаг сэндэр хэмээх агуйн хурдаснаас үүссэн шаварыг авахаар агуйд их ордог байна. Сэндэрийг ил яр шарханд түрхэж хээглэхээс гадна гэдэс доторт буцалган ууж хэрэглэдэг гэж нутгийн хөгшчүүл хэлж байсан.

 

Их Хайрхан уулыг баруун талд Бага Хайрхан, Зүүн хойд талд Хоёр Сэгс хэмээх өвөрмөц тогтоцтой шохой чулуун уулнууд байдаг.  Энэ бичил бүс нутаг нь ерөнхийдөө говь хээрийн байгалийн бүслүүрийн хэв шинжийг хадгалсан байдаг бөгөөд зун цагт айл зусдаггүй эзгүй байдаг бол өвөлдөө хайрхан уулаа тойроод айлууд нь өвөлждөг, өвөлжөөний нутаг юм.

Их хайрханаас хөдөлж Монголын Их Элсний салбар элс Бор Хярын элсэн их элсэнд орших Мухартын гол руу хөдөлсөн.  Мухартын гол нь Бор Хярын их элсэн манхануудын ёроолоос ундран гардаг. Их элсэн манханы ёроолоос ундран гараад  10 шахам км урсаад элсэн манханы доогуур шурган алга болно. Голынхоо хөндийгөөр бургас, чацарганы төгөлтэй. Голынхоо дагууд зөөлөн зүлэг ширэгтэй байдаг нь энэхэн бичил орчиндоо хангай газрыг санагдуулам байдаг. Эрдэнэхайрхан сумын нутагт Хүнгүйн голын эх Нарийний гол гэж Мухартын голтой адил Их элсний дороос ундран гардаг гол байдаг. Бид Мухартын голоос Агуйтын амаар өгсч Сэнжит хад хэмээх байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг зорин хөдөлсөн. Элсэн манхануудыг туулан Сэнжит хад руу явж байхад говийн байгалийн хэв шинжийг хадгалсан бүс бүслүүрээс өндөр уулын бүслүүрт шилжин орж байгаа нь их өвөрмөц байдаг. Ялангуяа ургамшилийн байдал маш түргэн өөрчлөгдөж байдаг. 

Сэнжит хад хэмээх энэхүү хадыг нутгийхан гадна дотноос ирсэн гийчдэд сонирхуулж үзүүлдэг газруудын нэг.  Сэнжит хад нь далайн түвшинээс дээш 2800 орчим метрийн өндөрт орших боржин чулуун тогтоц. Олон мянган жилийн нар салхины элэгдлээс  улбаалж байгалийн хаалга хэлбэрээр энэхүү хад үүсч тогтжээ. Сэнжит хад орчимын янз бүрийн хэлбэртэйборжин чулуун тогтоц нь өвөрмөц сэтгэгдлийг төрүүлж байдаг. Сэнжит хаднаас Бор хярын элсэн манханууд долгиотон харагдах нь элсэн манханы дунд байгаа хөлөг онгоцон дээр байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлж байлаа.  Эндээс бид Бургастайн голыг гаталж Тасархайн даваагаар давж Улаагчны Хар нуурт очсон. Улаагчны Хар нуур нь гүнээрээ Монголын нуурууд дотроос Хөвсгөл, Хяргас нууруудын дараа 3-рт орох гүн нуур бөгөөд гүн нь 48 м байдаг. Нуур нь урд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн, хойд талаараа элсэн манханаар  хүрээлэгдсэн байдаг. Нуурын дунд 2 аралтай, үүнийг их, бага авгаш гэж нэрлэнэ. Хангай говийн дунд орших  эл үзэсгэлэнт нууранд цагаан зарам буюу "пельд" мөн омоль загастай. Энэ нууранд лусын эзэгтэй хэмээн олонд алдаршсан Дулмаа гуай 1982 онд Цагаан зармын 100 сая, омолийн нэг сая  авгалдай авчирч тавьж байсан бөгөөд 1990 оноос эхлэн загасаа барьж ашиглах болсон байна. 

Нуурын урд эрэгт хүүхдийн гэж нэрлэгдсэн овоо байна. Энэ овоог жил бүрийн хүүхдийн баяраар тахиж хүүхдүүдийг баярлуулдаг гэнэ.  Энэ овоо руу сүүлийн жилүүдэд үр хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүс ирж мөргөж гуйдаг тухай нутгийнхан хэлж байлаа.

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Zochin''' (зочин) | 2009-03-13 15:01:56
Oh, nice. Good luck
2. Nyamka | 2009-03-23 11:35:13
Сайна уу хө?
Сайхан нийтлэл байна уу шүү баярлалаа.
3. mongoliaexpeditions | 2009-03-23 13:03:12
Thanks, Nyamka
4. zochin (зочин) | 2009-03-27 12:41:31
Bayarlaa, Saihan bichij. Yavsan gazriin zurgaa oruulj baival buuuur sonirholtoi baih
5. bat-amgalan (зочин) | 2009-04-11 12:00:13
manai nutgiin talaar ih goe medeelel bn

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.