Бат-Өлзийт сумын төвөөс хойш 20 гаруй километрт орших Төвхөн ширээт хэмээх уул оршино. Энэ уулын орой дахь байц хадны багавтар тавцан дээр Төвхөн хийд хэмээх нэгэн нууцлаг жижиг хийд оршино. Өндөр гэгээн Занабазар арав гаруй насандаа байгалийн өвөрмөц энэхүү газрыг сонирхон үзээд 1651 оны үеэс жижиг номын байшин бариулаад бясалгал хийж, гар урлалын сонгодог бүтээлүүдээ урлаж байсан байна. Эл хийдийг Занабазарын бүтээлийн хийд ч гэж нэрлэдэг.
Энэ л хийдэд Монголчууд бидний шүтэн биширдэг СОЁМБО үсэг зохиогдож Өндөр гэгээн Занабазарын алдарт бүтээлүүд бий болжээ.
Энэ хийд нь 20-иод метр өндөр том эгц хадан цохионы өвөрт тэгшилж зассан талбайд баригдсан бөгөөд 14 сүм дугантай байжээ.
Галданбошигтын дайн эхэлснээр 1688-1700 оны сүүл хүртэл өндөр гэгээний увдис шингэсэн энэ газар бараг мартагдсан аж. 1773 оноос Өндөр гэгээнийг хүндэтгэл оршсон энэ газрыг дахин сэргээж эхэлжээ. Хийдийн ар талд "Эхийн умай" гэх гулсаж ороод буцаж гардаг жижиг мухар агуйд хүмүүс орж гарна. Энэ агуйд орсноор эхээс төрсөн мэт ариусдаг хэмээн сүсэгтэн олон итгэдэг. Тэрхүү байц хадыг нэвтлэн гарсан сонин тогтоц ч мөн бий.
Өндөр гэгээний умдалж байсан хоёр ч худаг хийдийн ар талд бий. Модон дундуур гаргасан жимээр өгсч Өндөр гэгээн Занабазарын онгод увдис шингэж, халуун амьсгал, бүлээн мөрөө үлдээсэн Төвхөн ширээ уулын чинад нууцад ийн хүрч нэвтэрнэм.
1996 онд энэхүү хийдийг ЮНЕСКО-гийн Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь зэрэглэлээр дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.









Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: