Монгол нутагт тогтнож байсан анхны төрт улсууд.

Хүн төрөлхтөн төмөрлөгөөр багаж зэвсэг хийж хэрэглэх болсноор тэдний аж ахуй, үйлдвэрлэх хүчин нэмэгдэж, эдийн хуримтлал үүссэн нь ангийн ялгарал үүсэх үндэс болжээ. Улмаар энэхүү ялгарал нь овог бүлгийн дундах эд хөрөнгийн төлөөх тэмцэл, овог аймгийн хоорондох эрх мэдлийн төлөө дайн болон өргөжиж урт удаан хугацааны турш үргэлжилж байлаа. Овог аймгийн хоорондын дайн нь угсаа гарал нэгт аймгуудыг харь угсаатны түрэмгийлэлд өртөх аюулыг дагуулж байснаас тэдгээр аймгууд түр зуурын холбоотон болж харийнхны эсрэг тэмцэх замыг сонгоход хүргэж байжээ. Ийм аймгийн холбоодын нэг нь Түмэн шаньюйн тэргүүлж байсан Хүннүгийн 24 том аймгаас бүрдсэн цэрэг аймгийн нэгдэл юм. Аймгийн холбоо нь төр үүсэх урьдач нөхцлүүдийг бүрдүүлж өгсөн билээ.

1. Хүннү гүрэн ба Монгол угсааны төрт улсууд

МЭӨ III зууны сүүлийн хагаст монгол нутагт оршин байсан нүүдэлчин аймгууд нэгэнт аймгийн холбооны шинжтэй болсон байлаа. Энэхүү аймгийн холбоо нь цэргийн ардчиллын шинжтэй буюу тэргүүлэгчээ язгууртнуудаас бүрдсэн "Зонхилогчдын зөвлөл"-өөс тодорхой хугацаагаар сонгодог, аймаг бүр бие даасан эрх бүхий байгууллага байжээ.

МЭӨ 209 оны үед Хүннүгийн аймгийн холбоог Түмэн шаньюй тэргүүлж байх цагт түүний хүү Модун өөрийг нь золиослохоор санаархсан эцгээ зайлуулан холбооны тэргүүн болсон байна. Улмаар тэрээр үеэ өнгөрөөж байсан цэргийн ардчиллыг халж, хүннүгийн цэргийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулан, өөрийгөө Хүннү улсын шаньюй буюу хаанаар өргөмжлөн үе залгамжилдаг болгосон. Модун шаньюй өөрийн мэдэлд орсон газар нутгийг гурван хэсэгт хувааж, төвийн хэсгийг өөрөө шууд захирч, зүүн баруун этгээдийг өөрийн төлөөний хүнээр захируулжээ.

Модун шаньюй ийнхүү дотоод хэргээ эмхэлсний дараагаар улсынхаа удаан оршин байх нөхцлийг хангах үүднээс гол өрсөлдөгч болох Дорнод Ху аймгуудын холбоог довтлон эзэлснээр Хүннү улсыг өргөжүүлэн гүрний хэмжээнд хүргэх замд оржээ. Дорнод Ху аймгуудыг эзэлснээр Хүннү улс хятадын умардад тогтож байсан Хан улстай дайсагналцах болж, МЭӨ 198 онд Хан улсад цэрэглэн довтолж, өөрийн улсаа Хан улстай эн зэрэгцэх улс болохыг хүлээн зөвшөөрүүлж, хоёр улсын хилийн зааг Цагаан хэрмийг барьж байгуулахад хүргэжээ. Хүннү гүрэн Модун шаньюйн үед хүчирхэгийн туйлд хүрч баруун зүгт одоогийн Дорнод Туркестан, дорно зүгт Солонгосын хойг, Өмнө зүгт Түмэн газрын Цагаан хэрэм, умар зүгт Байгаль нуур хүртлэх газрыг багтаан захирч байжээ. Энэ гүрний бүрэлдэхүүнд монгол, түрэг, хамниган зэрэг олон угсаа гарлын овог аймгууд багтаж байсан юм. Хүннү нар МЭ I зууны үед дотоод зөрчлөөсөө болон өмнөд, умард хоёр хэсэгт хуваагдан өмнөд хэсэг нь Хятадын Хань улсад даган орж, умард хэсгийн зарим нь баруун зүгт нүүдэллэн явж, МЭ V зууны үед Аттилаар тэргүүлсэн улсыг байгуулж байжээ. Одоогийн монгол нутагт үлдсэн хэсэг нь Хүннү гүрний дараагаар байгуулагдсан Сяньби улсын бүрэлдэхүүнд орсон байдаг.

Манай улсын нутагт хүннү нарт холбогдох дурсгалууд болох булш оршуулга, хот суурины үлдэгдэл цөөнгүй байдаг юм. XX зууны 20-иод онд Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Ноён уул хэмээх газраас асар том булшнууд олдсон нь Хүннүгийн шаньюйн язгууртны булшнууд байсан юм. Хүннүчүүд язгууртан ноёдоо оршуулахдаа газарт 7-12 метр ба түүнээс гүнд, дотор, гадна хоёр давхар дөрвөлжин байгууламжийг мод, дүнзээр бариад түүн дотроо модон авсанд нас нөгчигсдийн шарилыг эд агуурсын хамт оршуулдаг байжээ.

Ноён уулан дахь уг булшийг Оросын эрдэмтэн Козловын удирдсан Монгол - Түвдийн экспедиц 1924 онд малтсан бөгөөд тэндээс олдсон ноосон нэхмэл, ширдэг, торгон хөшигний хээ хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа бөгөөд монголын хосгүй үнэт дурсгалын нэг билээ. Одоо Монголын Үндэсний Түүхийн музейд хадгалагдан буй эсгий ширдэг нь дээр дурдсан Ноён уулын 6-р булшнаас гарсан бөгөөд уг ширдэгт ан араатны дүрсийг их урнаар зээглэн урласан байдаг. Энэхүү ширдэгний төв хэсэг нь үүлэн хээтэй түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, гадна хүрээг зууван дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжжээ. Энэ эмжээрийн дотор талаар сарлаг, буга, дэлтэй боловч сүүл ба биеийн байдал бартай адил араатан, мөн чих толгой нь араатан мэт авч далавч, сүүлтэй амьтдыг ноцолдуулан дүрсэлж чимэглэсэн байдаг. Ийм уран сайхан дүрслэлтэй ширдэг өөр газраас дахин олдоогүй байгаа юм.

Хүннүгийн шаньюй язгууртан хүний оршуулгаас хувцас, эд бөс, даавуу, торго дурдан, сав суулга, гоёл чимэглэл, хөшиг, дэвсгэр, зэр зэвсэг, жууз тэрэг, эмээл, хазаар зэрэг эд хэрэглэл, малын яс зэрэг олдсон нь тэр үеийн хүмүүсийн бодлоор сүнс эргэж төрж ураг садан, удам угсаандаа сайн муу талтай нөлөөлнө гэж үздэг байсантай холбоотой ажээ. Түүгээр ч барахгүй Хүннү булшинд гал гаргах мод, дэнгийн сав тавьсан байдаг нь гэрэл гаргаж байг гэсэн санаатай юм.


Манай улс болон хөрш зэргэлдээ улс орнуудад малтан судалсан Хүннүгийн булшуудаас дэрэвгэр амсартай, нарийн хүзүүтэй, мөрөөрөө цүлхгэр, бүсэлхийнээсээ доош шувтан, ёроол нь жижиг цомбогор бөгөөд метр орчим том шавар ваарууд олддог билээ. Эдгээр ваарнууд нь гадна талдаа хээтэй, ёроолдоо дөрвөлжин хонхорхойтой юм. Хонхорхойны учир нь уул ваарыг хийхдээ оньсон хүрд ашигласны ул мөр болно. МҮТМ-н үзмэрт тавигдсан хоёр том ваарын ёроолоос дээхэн 1 см орчимд нүх гаргасан нь уг ваар үр тариа хадгалах зориулалтай байсных юм. Хүннү улсыг мөхсөний дараагаар манай улсын нутаг дээр МЭ II- III зууны хооронд Сяньби, МЭ IV-VI зууны хооронд Жужан зэрэг нүүдэлчин аймгууд өөрсдийн төр улсаа байгуулан оршин тогтнож байгаад түрэг угсааны аймгуудад цохигдон мөхжээ.

2. Монгол нутагт оршин тогтносон түрэг угсааны төрт улсууд

МЭ VI зууны үеэс эхлэн Алтай орчмоор нутаглаж байсан түрэг угсааны аймгууд Жужаны хаант улсаас тусгаарлахаар тэмцэлдэх болжээ. 552 онд Алтайн Түрэгийн удирдагч Бумангаар тэргүүлүүлсэн түрэгчүүд Жужаны хаант улсыг бут цохин, газар нутгийг нь эзлэн өөрийн улсыг байгуулжээ. МЭ VI зууны 80- аад он гэхэд Түрэгийн хаант улс ихэд өргөжин түүний бүрэлдэхүүнд янз бүрийн овог угсааны олон аймаг багтах болжээ. Түрэгүүд МЭ VII зууны эхэнд дотоод зөрчлөөсөө болж Тан улсад эзлэгдэн харьяанд нь 50 жил дагаж яваад МЭ VII зууны 80 -аад оноос эсэргүүцэн босч улсаа сэргээж чадсан юм. Түрэг улс үргэлжийн дайн тулаан хийж нэгэн хэсэг овог аймаг тэдний хүчинд автан орж, нөгөө хэсэг нь эрх чөлөөний тэмцэл хийж салан одож байсан учир хил хязгаар нь үргэлж тогтмол байж чадаагүй хэдий боловч одоогийн манай улсын Орхон, Туул зэрэг голын саваар төвлөн нутаглаж байсан юм. Тиймээс ч энэ нутгуудаар дэлхийд алдаршсан түрэгийн хаад язгууртнуудын булш, бунхан, руни бичээст гэрэлт хөшөө дурсгалууд олон байдаг.

Түрэгүүд хаад ихэс язгууртан ноёдоо оршуулахдаа их зам хөлийн ойр, холын бараатай, тэнүүн уудам газрыг сонгон нас барсан хүнийг унаж байсан морь, хэрэглэж байсан эд агуурсын хамт шатааж чандрыг шавар саванд хийн газар булж бунхлан, яст мэлхийн суурьтай гэрэлт хөшөө сийлж, хүн чулуу босгон, тахилын сүм барьдаг байжээ.

Түрэгүүдэд хойд насанд итгэх сүсэг байсны улмаас нас барсан жирийн иргэдийн булшинд зэр зэвсэг, эд агуурсыг нь хийж булдаг байсан бөгөөд эмэгтэй хүнийг толь, гоёх хээнцэрлэх чимэг, зүү утас, аяга шанаганы хэрэглэл, дархцуулыг хөдөлмөрийн багаж, хийж урласан зүйлтэй нь, цэрэг эрийг зэр зэвсэгтэй нь оршуулахын зэрэгцээ голлон морь, морины хэрэглэл болох дөрөө, хазаар зэргийг дагалдуулан оршуулдаг байжээ. 740 оны үед Түрэг улсын харьяанд байсан Уйгарууд бослого гарган түрэгүүдийг монгол нутгаас хөөж оронд нь өөрийн улсыг байгуулан 100 орчим жил оршин тогтножээ. Уйгар улсын үеэс үлдэж хоцорсон хот балгасын үлдэгдэл манай оронд цөөнгүй байдаг юм.

Уйгарын хаант улсын нийслэл Орду-балык гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхоны хөндийд буй. Үүнийг нутгийн ардууд Хар балгас гэдэг. Судлаачдын үзэж байгаагаар Хар балгас анх Орхоны хөндийд байгуулагдаагүй, хожим тэнд нүүж очсон байна. Эртний судлалын болон бичиг судрын мэдээгээр үзвэл Хар балгас Уйгарын хааны өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороолол, шашны сүм, бэхэлсэн цайз хэрмээс бүрдсэн бөгөөд уртаашаа 25 км зайд үргэлжилсэн их хот байсан нь мэдэгдэх болжээ. Хар балгасыг 840- өөд оны үест Енисейн Хиргис нар галдан шатааж эвдэн сүйтгэжээ.

Киргизүүд Уйгар улсыг мөхөөсний дараа манай нутаг дээр 50 орчим жил ноёрхон суусан бөгөөд дараа нь Хитан нарт шахагдан монгол нутгаас хөөгдөж гарчээ. Хитанчууд монгол нутагт өөрсдийн ноёрхолыг тогтоож байсан боловч төрийн төв нь одоогийн монгол улсын нутагт байсангүй, голчлон цэргийн бэхлэлт цайзууд байсан болох нь судалгаагаар тогтоогдсон юм. Хитан нарын түүхийг эртний хятад сурвалж бичиг болон археологийн хэрэглэгдэхүүнээр харьцуулан судалсан эрдэмтэд хитанчуудыг монгол гарлын аймаг болохыг тогтоосон байдаг.

Ном зүй

1. А.Н. Бернштам. Очерки истории гуннов. Л, 1951.
2. Н.Л. Гумилев. Хунну. М., 1964.
3. Ц. Доржсүрэн. Умард Хүннү. УБ., 1961.
4. Н. Ишжамц. Хүннүгийн удам угсаа, нийгэмлэгийн байгуулал. ШУ-ы хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл. УБ., 1956
. 5. П.Б. Коновалов. Хунну в Забайкалье. Улан-удэ. 1976
6. X. Пэрлээ. Хятан нар тэдний монголчуудтай холбогдсон нь. Түүхийн судлал, Т-1, Ф-1, УБ., 1959.
7. X. Пэрлээ. Монгол ард улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон. УБ., 1961.
8. И.С. Руденко. Культура хуннов и ноинулинские курганы. М-Л., 1962
9.Г. Сүхбаатар. Монголчуудын эртний өвөг. УБ., 1980.
10. Г. Сүхбаатар. Сяньби. УБ., 1971.
11. Г. Сүхбаатар. Нирун улс. УБ., 1992.
12. Н. Сэр-Оджав. Эртний Түрэгүүд. УБ., 1970.
13. Н. Сэр-Оджав. Монголын эртний түүх. УБ., 1977.
14. М. Шинэхүү. Тариатын Орхон бичгийн шинэ дурсгал. Археологийн судлал, Т-6, Ф-1. УБ., 1975.

Сэтгэгдэлүүд:

1. Munkhtumur | 2009-06-14 00:14:37
Түүхийн тухай мэдлэг хэн бүхэнд хэрэгтэй. Тэр дундаа аялал жуулчлалынхан түүхээ сайн мэдэх хэрэгтэй. Бүр сонирхолтой хэлбэрээр дэлгэрэнгүй байвал сайн байна. Баярлалаа.
2. даваа (зочин) | 2009-06-21 23:42:18
таны блог тун сайн бас сайхан юм.их таалагдлаа.
3. Roman Bizyanorov | 2009-06-24 22:05:40
http://july.blog.banjig.net/
4. shagai (зочин) | 2009-08-11 15:07:00
www.travelnews.mn газар зүй, аялал жуулчалын портал сайт нээгдлээ.
5. shagai (зочин) | 2009-08-11 15:08:37
www.travelnews.mn

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.