Буган хөшөө: Буган хөшөө бол эртний нүүдэлчдийн шүтлэг бишрэлийн зориулалттай дурсгал агаад он цагийн хувьд МЭӨ V мянганаас МЭӨ I-ны үед холбогдоно гэж судлаачид ерөнхийлэн үздэг. Буган хөшөөд Монгол улсын ихэнхи нутаг, ОХУ-ын Тува, Байгал нуурын өвөр бие нутгаар өргөн тархсан байдаг ба энэ бүс нутагт 700 орчим буган хөшөө чулуу байгаагийн 550 орчим Монгол улсын нутаг дэвсгэрт байдаг. Буган чулуун хөшөө нь анх Монголын төв нутагт хүрэл зэвсгийн дунд үед үүсч төмөр зэвсгийн түрүү үе гэхэд Монгол нутаг даяар тархаж, цаашдаа одоогийн Тува, Байгал нуурын өвөр бие, Казахстан, Дундад Ази, Оренбург муж, Умард Кавказ, Германы нутаг дэвсгэр Эльба мөрний сав газар хүртэл тархсан байдаг нь Төв Ази тэр дундаа Монгол нутагт нутаглаж байсан нүүдлийн соёл иргэншилт овог аймгуудын түүх, соёлын давалгааны цар хүрээг яах аргагүй илтгэж байдаг. Буган чулуун хөшөө гэж тусгайлан засаж янзалсан дөрвөн талт гонзгой чулууг гурав зааглан ихэвчлэн эсрэг харсан хоёр талын орой хэсэгт нэг юмуу хоёр том дугуй, эсвэл том, жижиг хоёр дугуй дүрс сийлж, түүний доогуур олон жижиг хонхор гарган зааглаад доош нь бүс хүртэлх голын зайд сүрэг бугыг уран гоёор дүрслэхээс гадна цөөн тохиолдолд адуу, гахай, ирвэс, янгир, хүн, загас зэрэг амьтдыг бугатай хамт болон дангаар нь дүрсэлж, бүснээс олон төрлийн зэр зэвсэг зүүж, ойр орчимд нь нум сум, "тагнай хээтэй таван талт дүрс" зэргийг сийлсэн байдаг. Мөн огт амьтны дүрслэлгүй зөвхөн бүс , зэр зэвсэг дүрсэлсэн хөшөө ч бий. Иймэрхүү сонгодог дүрслэл нь ихэнхи буган хөшөө чулуунд ажиглагдаж байдаг. Буган чулууны бугын дүрсийг бодит байдлаар дүрсэлдэг бөгөөд зарим буган чулуунд бугын оронд буюу буга дүрсэлсэн зай завсарт нь адуу, зээр, янгир, гахай, шувуу, ирвэс зэрэг амьтдыг дүрсэлсэн байх нь тааралдаж байдаг. Энэхүү дүрслэлийн ялгаанд нь түшиглэн Оросын судлаач Волков буган чулуун хөшөөг
1. Монгол-Өвөр Байгалийн загварт бугын дүрст хөшөө
2. Саян-Алтайн амьтны бодит дүрслэлт буган хөшөө
3. Ази-Европын амьтны дүрслэлгүй хөшөө хэмээн гурван үндсэн хэсэгт ангилсан юм.

Буган чулууны хэмжээс гол төлөв 1-4 метр өндөр, 20-40 см зузуаан,100 -130 см өргөн хэмжээтэй байдаг. Оросын эрдэмтэн В.В.Волков 1960-аад оноос буган хөшөө чулуунуудыг судлан "Умард Монголын буган чулуу" хэмээх судалгааны бүтээл туурвисан бөгөөд тэрээр энэ бүтээлдээ буган чулуу дурсгалыг МЭӨ V-III зуунд холбогдуулан тодорхойлсон байдаг. Буган хөшөөг бүтээхэд зураасан зураг, сийлбэр, уран барималын аргын аль алийг нь хослуулан бүтээсэн байдаг. Буган хөшөөг Монголын болон гадаад олон судлаач, эрдэмтэд сонирхон судлаж байдаг бөгөөд ихэнхидээ археологийн талаар судлаж өөрсдийн бодол санлаа дэвшүүлсэн байдаг. Зарим нь Скифээс, зарим нь Сак омгийнхноос үүсэлтэй гэсэн бол манай Монгол улсын судлаачид Монголоос үүсэлтэй хэмээн үздэг.
Харин юуг бэлгэдсэн, ямар учиртай дурсгал вэ? гэдэг дээр маш олон өөр санал байдаг аж.

"Монгол улсын түүх" таван боть номын тэргүүн ботид: "Буга нь Төв Азийн нутагт өргөн тархсан, арьс, мах, эвэр зэрэг ихээхэн бүтээгдэхүүн өгдөг, хүнд ямар нэгэн хор хөнөөлгүй амьтан учраас түүнийг эрт цагаас эрхэмлэн шүтэх болсон..."
С.Дулам гуай: "Эртний хүмүүс тухайн овгийнхоо шүтэж ирсэн тотемоос өөрсдийгөө үүсэлтэй хэмээн үздэг байсан тул бугын чулуун хөшөө нь түүнийг бүтээгчдийн сүлд буюу тэдгээр хүмүүс эрт цагт өөрсдийгөө бугаас гарсан гэж үзэж байсантай холбоотой..."

АНУ-ын судлаач William Fitzhugh: Ази Европын эртний зарим нэгэн овог аймгуудын дотор байсан бие болон нүүрэн дээрээ зурж дүрсэлдэг зан үйл болон Пазырыкын шивээст хүний материалд түшиглэн шивээс, биений зураг байж болох талаар тайлбарлаад бүхэлдээ буган чулуун хөшөө бол хүнийг төлөөлүүлсэн дурсгал хэмээн үзсэн байна. Мөн тэрбээр буган чулууг судлах явцдаа дараах дүгнэлтүүдийг хийжээ: Буган чулуун дээрх урлаг, дүрслэл нь хүрлийн нилээд эхэн үеийн нийгэм, хүмүүсийн амьдралын талаар ихийг өгүүлж байгаагаараа маш гайхалтай юм. Монголын түүхэн дэх энэ үеийн тухай мэдээлэл тун бага, гэтэл яг энэ үе нь Эскимогийн соёл Хойт Номхон далай болон Зүүн хойт Азид үүсч байсан үетэй давхцаж байгаа тул хоорондынх нь холбоо хэлхээг тогтооход маш чухал холбогдолтой болно. Буган чулуун дээрх дүрслэлд "Нисч буй буга" болон бөөгийн хэдэн мянган жилийн уламжлалт элемэнтүүд тусгагдсан байдаг. Чулуун дээрх бугын дүрс нь бас хосмолжин амьтан байх нь элбэг. Тухайлбал Asian Elk буюу монголоор марал бугын биетэй атлаа толгой нь урт хошуу бүхий шувуу байгаа нь бөөгийн ёсонд хүнийг хамгаалдаг, мөн нас барахад нь сүнсийг нь тэнгэрт аваачиж өгдөг онгоны дүрс болов уу? Бидний судалгаагаар юу тодорхой болсон бэ гэвэл буган чулууг ч тэр, хиргисүүрийг ч тэр байгуулахдаа тэнд нь адуугаар тахилга үйлддэг байж. Буган чулууны доороос, хиргисүүр дотроос адууны толгой, хүзүүний яс их гарч байна. Олон жилийн туршид буган чулууг 2500 - 2000 жилийн настай хэмээн үзэж, хүрлийн сүүл, төмрийн эхэн үед хамруулсаар ирсэн билээ. Ихэнх судлаачид Буган чулуун дээрх дүрслэлд Скифийн урлаг, элемэнтүүд байгааг анзааран харж, үүнийгээ Скифээс Баруун Монгол руу орж ирсэн нөлөө хэмээн тайлсан байдаг. Бид харин тахисан адууны ясанд радиокарбоны шинжилгээ хийснээр буган чулууны насыг олон жилийн туршид судлаачдын бодож итгэж байснаас даруй таван зуун жилээр урагшлуулан тогтоож чадсан болно. Өөрөөр хэлбэл 2700 - 3300 жилийн өмнөх үеийнх болох нь тогтоогдлоо. Үүнээс үзэхэд, буган чулуу нь Скифээс өмнө байсан болж таарч байна. Скифчүүд нь 2700 - 2300 жилийн өмнө оршиж байсан, буган чулуу тэгэхээр тэднээс хэдэн зуун жилийн өмнө байсаар байжээ. Тиймээс бид энэхүү судалгаандаа үндэслэн дийлэнх судлаачдын үздэгчлэн Скиф соёлоос буган чулуу гарсан биш, харин буган чулууны соёл нь Скифийн соёлын нэг үндэс байжээ хэмээн хэлж чадахаар болж байна. Тэрбээр одоогоор буган чулуу, скифийн соёлын уялдаа холбоог судлаж буй билээ.
Орос судлаач Ольховский: Буган чулуун хөшөө нь үржлийн бэлгэдлийг агуулсан эр хүний бэлэг эрхтэнийг шүтэхтэй холбогдсон дурсгал хэмээн үзэж үүнийгээ хожмын Алтайчуудын үйлддэг зарим зан үйлээр тайлбарласан байдаг.

Судлаач Ж.Баярсайхан: буган чулууг бөөгийн мөргөлтэй холбон үздэг. Бөөгийн мөргөлд буга шүтлэгтэй холбоотой маш олон зан үйл уламжлагдан иржээ. Бөөгийн ёсонд бугын арьсаар хэнгэргээ хийж, түүн дээр ихэнхдээ буга дүрсэлдэг бөгөөд буга нь их онгодын унаа болдог ба учир нь буга, согоог зөөлөн явдалтай унасан эзнээ ядраадаггүй, зорьсон газарт нь хүргэж чаддаг амьтан гэж үздэг . Цаатан, Тож бөөгийн ёсонд бөөгийн онгон нь хөлгөө унаж, тэнгэрт халин дүүлэн нисэж, учрах онгондоо уулздаг гэнэ . Зүүний (Өвөрбайгаль, Амар орчмын) бөө нар ч буга унаж дээд ертөнцөд очдог гэж үздэг ажээ . Алтайчуудын бөө нарын оюуны төлөөлөгчидийн дунд буга марал чухал байр суурь эзэлнэ . Бүх Сибирийн ард түмнүүдэд тэнгэрийн хандгайн (бугын) тухай домог янз бүрийн хувилбартай байдаг . Ийнхүү Төв Ази Сибирийн бөө нарт бугыг эрхэмлэн үзэх болсон нь эртний уг сурвалжтай юм.

Буган чулууны зэр зэвсэг, бүс
Эртний нүүдэлчдийн оршуулах ёсонд зэр зэвсгийг нь дагалдуулан оршуулдаг байсан бөгөөд үүнийг билгэдэж зэр зэвсэгийг дүрсэлсэн байх талтай. Бүсний хувьд нүүдэлчид эртнээс бүсийг дээдэлж ирсэнтэй холбон тайлбарлаж болно.
Монгол нутагт эртний соёлууд хоёр талаас ирж уулзсан байна гэдэг дүгнэлтэд судлаач хүрч байна.. Нэг талаас хиргисүүр, буган чулуу хийдэг соёл, нөгөө талаас дөрвөлжин булш үйлддэг соёл. Хиргисүүр, буган чулуу хоёр бол холбоотой, байнга хамт тохиолддог бол дөрвөлжин булш үйлддэг нүүдэлчид буган чулуу огт хийгээгүй байдаг. Тийм ч учраас Монгол нутаг дахь буган чулуудын он дараалал яг Хүннүг хүрээд бүрмөсөн зогссон аж. Энэ бүхнээс, бас тархалтаас нь харахад буган чулуу Монголоос баруун руу биш, баруунаас Монгол руу орж ирээд тархсан соёл ч байж болох талтай юм.

Буган хөшөөдийн тухай эндээс мөн уншиж болно.


Сэтгэгдэлүүд:
avmaar bna, hereg bolood bna
xapuy uguurei
Мах
Яс
Шөрмөс
Арьс гэх мэт ашиглах зүй ихтэй.
Буга бол хамгийн үнэтэй бэлэг байсан тийм учраас буга агнасан газраа хөшөө босгодог байсан.
гэж хэлж байсан бөөтэй төстэй л юм
Сэтгэгдэл үлдээх: