Хубилай хаан.

Уг кинонд Хубилай хаан гэж хэн байв? Тэрээр ямар улс төрийн бодлого явуулж байв. Хэрхэн Их Монгол Улсын хаан ширээнд заларч Их хаан болсон тухай баримтуудыг өгүүлэх болно.

 

 

Хубилай хааны тухай.

Хубилай хаанМонголын эзэнт гүрний 4 дэхь их хаан, Юан гүрнийг үндэслэгч Хубилай (1215-1294) нь Чингис хааны ач хүү, Толуйн хүү билээ.

 1215 оны хөхөгчин гахай жил төрж 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суусан ба 1294 хөх морин жил таалал төгссөн. Тэрээр Мөнхийн дүү бөгөөд 79 насалсан аж.

1225 оны өвөл Хорезм улсаас буцаж явсан Чингис хаантай ач хүү Мөнх, Хубилай нар ангийнхаа олзтой тааралдаж мялаалгажээ. Энэ бол өхөөрдөм бяцхан Хубилай хүүгийн түүхэнд үлдсэн бага насны дүр зураг юм. Хатан эх Сорхагтни бэхи нь хятад номын хүмүүсээр хүмүүжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор тэр өөрөө хан үндэстэний уламжлалыг суралцсан байна. Гэхдээ тэрээр хожим нь ханз үсэг сурахыг хүсээгүй нь учиртай билээ.

Өгөөдэйн үед Тулуйханд өмч болгон өгсөн хойд хятадын мужууд Хубилайн мэдэлд байв. Залуу хаанхүү харьяат ард түмнээ засаглан удирдахад анхаараагүйгээс тэр нутгаас ард түмэн нь дайжиж эхэлжээ. Үүнд сандарсан Хубилай газар дээр ирж хятад түшмэдүүдээр байдлыг товхинуулсанаар хүнд байдлаас эргээд гарав. Энэ үеэс суурин иргэдийн удирдан зохион байгуулах авьяасыг хүндлэх болсон байна.

Бэрх, Батын хүү Сартаг хоёр Мөнхийг хаанаар сонгох хуралдайн үед Хубилайд зохицуулах ажлыг хариуцуулсан байна. 1251 онд ах Мөнх нь их хаан болж Хубилай төв хятадын мужын захирагч болжээ. Энэ удаа тэрээр өөрийн эзэмшил нутгаа удирдах тал дээр нилээд туршлагажиж, амжилт гаргасан аж.

Өмнөд Сүн улсыг эзлэх дайны үед нэгэн газрыг эзлэх нь стратегийн хувьд чухал байв. Тэр бол Юннаньд орших Дали төвтэй Наньчаогийн Бай улс байв. Шан угсааны гэгддэг тэдгээр эрэлхэг ард түмнийг өмнө нь хятадын хүчирхэг Тан гүрэн буулгах гээд чадаагүй байжээ.

Сүбээдэйн хүү Урианхадай, Хубилай хоёр 1253 онд Далийг эзэлжээ. Хубилай эртний хятад жанжны ганц ч хүний амь үрэлгүй цайз эзэлсэн түүх сонсоод зөвхөн монголын элч нарыг хөнөөсөн түшмэдийг хороов. Үүний дараа ойр хавийн овгуудыг дайлж Түвдийг эрхшээжээ.

Одоо Сүнчүүд баруун, хойд, баруун өмнөөсөө монголчуудад бүслэгдэх боломж бүрдэв.

1255 онд их хуралдайгаар гарсан шийдвэрийн дагуу Хубилай хятадыг дайлах ёстой байв. Үүнд Хубилай идэвхтэй яваагүй байна. Мөн түүнийг хятад түшмэдүүдийнхээ үгэнд хэт орж, эзэнт гүрний үйл хэргээс ангид байх боллоо гэсэн яриа Их хааны сонорт хүрчээ. Мөнх хилэгнээд хятад түшмэдийг баривчилаж Хубилайг Хархорумд дууджээ. Хубилай сайдынхаа зөвлөснөөр эхлээд хатнаа бэлгийн хамт хаан ахад золгуулаад өөрөө араас нь очив. Мөнх хаанд сөгдөж их монгол улсаас урвах ямарваа хар санаа байхгүйгээ ярив. Ийнхүү Мөнх дүүгээ уучилаж, ах дүү хоёрын халуун дотно яриа өрнөлөө.

1257 онд их хаан Мөнх монгол нутгаас цэргээ авч Сүнг эзлэхээр хөдөллөө. Их цэрэг замдаа жил шахам амраад 1258 онд Сүнгийн эзэмшилд оров. Өвчтэй байсан Хубилай ч хаанд туслахаар баруун талаас нь дэмжин дайнд хөдөлжээ. Гэвч Хубилайн тэрхүү довтолгоо Мөнхийн монголчуудаас хавьгүй удаан байв. Мөнхийн цэргүүд хэд хэдэн цайзыг эзлэж гартаа оруулаад зарим нэг хотыг удаан бүслэж байтал 1259 онд Мөнх хаан цэргийн хүрээнд өвчнөөр нас барав. Монголын хүч хаанаа аваад буцсан байна. Уг аян дайнаар халуунаас болж монгол цэргүүд тахалд нэрвэгдэв. Хубилай тэрхүү мэдээг авсан боловч гавьяа байгуулагүй атал яахийн буцаж болох вэ гээд дайнаа үргэлжлүүлжээ. Гэвч түүний хатан Чеби аюултай мэдээ илгээв. Энэ бол Аригбөхийг хэсэг монгол язгууртан, төрийн чинсан нар хаанаар өргөмжлөхөөр сэм тохиролцож байсан тухай юм. Үнэхээр Аригбөх цэрэг хуримтлуулж байлаа. Хубилайн хүнд байдлыг ажигласан Сүн гүрний сайд Жия Сидао энхийн гэрээ байгуулж алба төлөхөөр болов. Ийнхүү цэргээ дайнаас суллаад хойд хятадын нутагт болзошгүй аюулд бэлтгэжээ. Кайпинд монгол хятад цэргийн ноёд, цөөн тооны алтан ургийнханы дэмжлэгтэйгээр Хубилай өөрийгөө Их хаан хэмээн өргөмжлүүлэв. Мөн Хархорумд Болгай (Булгай) сайдын дэмжлэг авсан Аригбөх хаан болсоноор нэгэн зэрэг хоёр их хаан Монголын эзэнт гүрэнд гарч ирэв.

Хархорумд төвлөрсөн Аригбөх Хубилайруу дайраад няцаагдсан бөгөөд гүрний нийслэлрүү очих бүх худалдааны замыг хааснаар монголд өлсгөлөн эхэлжээ. Ялагдсан дүү нь Хубилайгаас уучлал эрэн дагахаа мэдэгдсэн боловч худал байв. Өгөөдэйн ач Хайду, Цагаадайн зарим ноёдын дэмжлэг авсан ч Аригбөхөөс Өгөөдэйн удмын Уранташ, Цагаадайн улсын хан Алгу (Алгуй) нар урваж Хубилайн талд оржээ. Аригбөх Хубилайн армид дахин ялагдаад Хархорумыг алдав. Удалгүй хүч нь суларч нөхөддөө хаягдсан тэрбээр Мөнхийн хүү Асутайн хамтаар 1264 онд ахдаа бууж өгчээ.

Их хурилдай зарлаж эл хан Хүлэгү, Алтан ордны эзэн Бэрх, Алгу нарыг дуудсан боловч тэд амжиж ирээгүй бөгөөд Аригбөхийг хэрхэх талаар өөрөө мэд гэжээ. Хубилай түүнийг амь насыг хэлтрүүлсэн байна. Гэхдээ ах дүү нарын хооронд хутган үймүүлсэн хэргээр Аригбөхийн сайд нарыг хатуу шийтгэхээ мартсангүй.

1260 онд хэд хэдэн элч Сүн улсруу явуулсан боловч бүгд эргэж ирээгүй байна. Иймд дараа жил нь Их хаан Сүнгийн хятадуудтай дайтахаар зарлиг буулгажээ. Гэвч монгол дахь хямралаас болж хойшилсон аж. 1267 онд Хубей зэрэг мужид монголын арми амжилттай довтлож сүнчүүдийг ялав. Хятад жанжны гаргасан төлөвлөгөөний дагуу 1268 оны намар их цэрэг Сүнгийн нутагруу цөмөрлөө. Энэ үед армийг Урианхадайн хүү Ачу (Ажчу), уйгур жанжин Арихгия хоёр ерөнхийлөн удирдсан байна. Ер нь өмнөд хятад нь асар олон тооны сайтар бэхлэгдсэн том хотуудтай, хүн ам их, монгол морьт цэрэг явахад бэрхшээлтэй ой хөвч, уул, ус мөрөн ихтэй байснаас монголын армид хятадуудыг ашиглахад хүрчээ. Энд хятад инженер, хятадын усан цэргүүд, бууж өгсөн Сүнгийн жанжид, хойд хятадын зүрчид, хятан, нанхиад, уйгур цэргүүд гол түшиг болов. Сая орчим цэрэгтэй баян чинээлэг хятадыг эзлэхэд маш их нөөц,хүн хүч хэрэгтэй байсан. Иймд бүр шоронд хоригдож байсан гэмт хэрэгтнүүдийг дайчлаж гавьяа байгуулсаных нь дараа суллажээ.

1268 онд Яньце мөрний хоёр талд орших Сиянянь, Фучень хэмээх ихэр хотуудыг бүслэв. Уг бүслэлт хэдэн жилээр үргэлжилэж гагцхүү Мосулиас авчирсан инженерүүдийн бүтээсэн оньсон техникийн тусламжтайгаар 1273 онд буулгаж авсан байна. Энд монголын хүч нилээд саатсан юм.

Үүний дараа Баян жанжин армийн ерөнхий коммандлагчаар томилогдов. Ажу түүнийг дэмжсэн байна. Бяцхан бөгөөд удаан бүслэгдэх хотуудыг орхиж гол гол цэргийн түшиц газруудыг гартаа оруулсанаар 1276 онд бяцхан эзэн хаан Гонгди буюу Жиао Сянь , бэлэвсэн хатан Довагер нар бууж өгөхөөр шийдэж Линанаас гарч Хубилайд сөгдсөн байна.

Гэвч хуучин сайд, эзэн хааны жанжин Зянь-Шижи хааны ах 9 настай Жиао-Ши, 7 настай Жиао-Бинг нарыг дагуулан зугтаж хятадын урд захын нутгуудад 3 жил тэмцэлдэв. Эсэргүүцсэн хятадын армийг монгол Юаны арми 1279 онд Гуандонь мужид бүрмөсөн даржээ. Аян дайнд Хубилай эзэн хааны хувиар өөрөө явж байгаагүй аж.

1261-1266 онуудад Даду буюу Ханбалих хэмээх шинэ нийслэлийг барих гүйцэтгэл ажил явагджээ. Хотын ерөнхий зураг төсөл, барилгын ажлыг мусульман инженер хийсэн юм. 1271 онд Их хаан Да Юань (大元) гэж улсын нэр өгөв. Энэ нь иш үндэс гэсэн утгатай үг билээ. Ингээд 1272 онд Ханбалиг нийслэлтэй монголын Юан хэмээх их гүрэн бий болжээ.

Хятад дахь худалдааны бүх замыг аюулгүй болгож нийслэлээс Түвдрүү шууд орох замыг байгуусан байна. Их суваг шинээр засварласан нь олон улсын худалдааг эрс нэмэгдүүлсэн билээ. Мөн хааны дэмжлэгтэйгээр перс, дундад азиас эрдэмтэд, эмч оточ нар ирэх болсон байна.

1260 онд цаасан мөнгө гүйлгээнд оруулсан. Эхэндээ их амжилттай явагдаж байсан боловч ханш уналт  өсчээ. Мөн хятадын шаазан урлал, шилэн хөвөн зэргийн худалдаа, технологи бусад улс оронд Юаны үед маш их тархсан юм. Хубилай хаан өтгөс буурал, ядуусыг энэрэх, хотыг цэцэрлэгжүүлэх, ганд автсан мужид хоол хүнс нийлүүлэх ажлыг санаачилаж өөрийн биеэр гардан хийж байсан юм.

Юаны нийгмийн анги давхраа дараахь байдалтай байв. Үүнд:

  • 1. Монголчууд
  • 2. Цэнхэр нүдтэнгүүд
  • 3. Хойд хятадын иргэд
  • 4. Өмнөд хятадын хан угсаатнууд

Монголчуудын хуулиар заасан эрх өндөр байв. Тухайлбал монгол хүнийг хятад хүн зодож эс болно, харин хариугаа авахаар монгол хүн түүнийг хороож ч болно гэх мэт. Энэ мэт зарим зүйл нь дарлагдаж буй иргэдийн дургуйцлийг хүргэсэн байж болзошгүй. Гэвч монголчууд хятадын хүнийг үл хүндэтгэсэн гэмт хэрэгтний нүүрэнд нь тамгаладаг ёсыг болиулж харин бусад газарт нь зөвшөөрсөн байна. Мөн хүнд ялтнуудыг нөхцөл байдлыг харгалзаж өршөөх, тэр бүр цаазыг урьтал болгодоггүй гээд олон дэвшил байсан юм.

Юаны үед өвөрмөцөөр хөгжсөн хятадын ши янгу, яруу найраг, урлаг нь одоо ч бидний анхаарлыг татдаг билээ.

Хубилай буддист байсан боловч бусад шашинд нээлттэй байв. Энэ бол монгол хаадын уламжлалт бодлого юм. Харин тэрээр бумбын шашинд дайсагнасан үйлдэл гаргаж байсан нь бий. Хожим юаны хаадын үед Хаанбалгасанд ромын папын төлөөлөгч суудаг байв. Буддын шашин төрийн шашины хэмжээнд хүрсэнээр Пагва тэргүүтэй лам нар улс төрд нөлөө бүхий болсон аж. Хубилай түүгээр дөрвөлжин бичиг зохиолгож байлаа.

Хубилай болон Чингисийн бусад удмынханы хоорондын харилцаа нь түүхэнд ихээхэн сонирхол татах сэдэв юм. Мөнх хааны дараа болсон хаан ширээний тэмцэл эхэлсэнээр алтан ураг хэд хэд талцаж хуваагджээ.

Хүлэгү, Бэрхийн хагаралдааны үеэр Хубилай нийслэлдээ байсан оросын худалдаачдыг цаазалсан, Бухар дахь Алтан ордны цэргүүдийг устгасан гэдэг. Үүнд судлаачид эргэлздэг байна. Үнэн хэрэгтээ Бэрх  Аригбөхийг их хаан гэж үзэж байжээ. Гэхдээ шууд үүнийгээ Хубилайд илэрхийлээгүй юм.

Алгуг нас барсаны дараа Цагадайн улсын хаан ширээг Органа хатан, Мубарак Шах хан нараас булаалгахаар Хубилай хажуудаа байсан Борагийг явуулжээ. Хэсэг хугацаанд Бораг тэндхийн ноёдыг биедээ татсаны дараа 1266 онд Мубарак шахыг халж хан болов. Тун удалгүй Туркестанаас Хубилайн захирачгийг хөөж бие даах гэж оролдсон юм. 1268 онд Их хаан түүнтэй хэл амаа ололцохоор бэлэг явуулсан аж. Ийнхүү Юанруу дайрахаа больсон Бораг Өгөдэй хааны ач хүү Хайдутай байлдаж байгаад сүүлд нь түүний талд оров.

Өгөдэйн Хадан Аригбөхийн цэргээс Хубилайг хамгаалж байсан бөгөөд тэдний удмынхан болон Хүдэнгийн үр хүүхдүүд их хааны харьяанд амьдарч байлаа. Харин өөр нэг Өгөдэйн хунтайж Хайдуг Хубилай хурилдайд уриж, бэлэг сэлт илгээдэг байсан боловч тэрбээр их хаанд итгэдэггүй байснаас биеэр ирж байсангүй. 1271 онд Цагадай, Өгөдэйнхэний улсыг хамтатган захирч Хубилайтай илт сөргөлдөх болсон байна. Түүнийг даруулахаар Хубилай хүү Номхоныг (Емухан, Номуган) Мухулайн ач Хантун, Мөнхийн хүү Ширэг нарын хамт монголд илгээв. Хархорумд очоод Номхон монголын бусад улсуудтай холбоо тогтооход Мөнхтөмөр хаан, Чабар нар Хубилайг Хайдугаас хамгаална гэдгээ мэдэгдэв. Хунтайж Тохтөмөрийн ятгалгаар Ширэг урваж Номхоныг Алтан ордны Мөнхтөмөрт, Хантуныг Хайдуд бариж өгчээ. Мөн Сарбан тэр хоёртой нэгдэв.

Баян жанжин тэдний хүчийг тулаанд ялсан аж. Үүний дараа урвагч хан хөвгүүд хоорондоо муудалцав. Тохтөмөрийг Ширэг хороожээ. Харин Сарбан Ширэгийг олзлон Хубилайд өгсөнөөр өршөөгдсөн байна.

Чингисийн ахан дүүсийн үр удам  Наяа (Наян), Хадаан, Синтүүр нар манжуурт босч Хайдутай холбоо тогтоожээ. Хайдугийн хүчтэй нэгдэхээс өмнө Хубилай монголд өөрөө очиж Наяаг дарав. Энэ тулааны тухай Марко Поло хамгийн сонирхолтой зураглалыг үлдээсэн байдаг. Нөгөө талд Баян төв азийн Алтайгаас ирж буй Хайдуг ялаагүй боловч ухраасан байна. Наяаг монгол язгууртаны ёсоор цусыг нь газар дусгалгүй хороов.

Энэ мэт гарч байсан олон тооны бослого нь Хубилайг хууль ёсны хаан гэж үзээгүй монгол ноёдын тэмцэл байсан юм. Тэдний нүдээр их хаан нь хуучин ёсоо умартаж, хятад соёлд автсан мэт санагдах болжээ.

1285-1288 онд Уйгур болон Юаны бусад нутагт Хайду, түүний албат Цагадайн хаан Дува хоёр халдсаар байв. Мөн тэд Түвдэд гарсан Юаны эсрэг бослогыг дэмжжээ. Нэг удаа Хайду Хархормуыг эзлээд их хааны цэрэгт дахин алдсан байна. Олон жил Баян, дараа нь Өлзий төмөр, Гамала нар Хайдугаас Юаны хилийг сахин хамгаалж байв.

Ил хаан Хүлэгү, Абага, Аргун нар бүгд Хубилайн талынхан юм. Сүүлийн хоёр нь түүний соёрхлоор хаан болцгоожээ. Хятад дахь монголын засаг захиргаа персийн монголчуудтай бат холбоотой байх үүднээс Болд чинсанг томилсон нь Газан хааны үед ч нөлөөтэй байсан тухай Рашид Ад дин бичиж үлдээсэн байдаг.

Хубилай хаан Мамлюкийн Мисирийг байлдан эзлэх зарлиг бүхий захиаг христ шүтлэгт монгол элч онгутын Раббан бар Саума, Маркос нараар Эл (Ил) хаадын улсад хүргүүлжээ. 1281 онд Маркос нь ромын папын хүслээр Мар Ябаллах нэр авч дорно дахь христ шашинтаны тэргүүн хамба болсон байна. Харин Раббан Бар Саума 1287 онд Хубилайн зарлигийн утга санааг агуулсан Аргун хааны захиаг европруу авч очжээ. Тэрээр Византийн эзэн хаан Андроник Палеологи, Английн хаан Эдвард I, Францын ван гуа Филип болон ромын пап Николас IV нартай уулзсан юм.

Эх сурвалж: Баабарпедиа.

Сэтгэгдэлүүд:

1. Nyamka | 2009-10-03 00:57:19
сайхан мэдээлэл байна
margaash temtseenteishdeee irne biz dee. TBD anduudiiin derged tomor zamiin kolejiin zaaland 1 tsagaas bolno banjigiikhan irne irj toglooroi kho
2. batu (зочин) | 2009-11-17 11:56:48
saihan niitlel bn ih haadiin tuhai bichij baival zugeer yum kinog n mongol hel deer baival zugeer yum
3. biochemiker | 2010-02-01 01:45:35
Ш.Нацагдорж гуайн бичсэн Юан гүрний түүхийн тухай нэгэн ном бий... Бараг монгол хэл дээр гарсан ганц мэргэжлийн ном гээд хэлчихэд буруутахгүй... Үнэхээр урд газар засаг захиргааг төвлөрүүлэхгүй бол том гүрний хэрэг цалгардах нь аргагүй байсан гэдэг... Хятадын Юнан мужид Юан гүрний үеийн монголчуудын ажиллуулж байсан мөнгөний уурхайд очиж билээ... Их сонирхолтой цаг үе байсан санагдсан даа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.