Түрэгийн жанжин Тодогийн бунханыг Заамараас олжээ.

Орос Монголын эрдэмтдийн хамтарсан судалгааны баг Төв аймгийн Заамар болон Булган аймгийн  Баян-Уул сумын нутгийн зааг дээрээс 1300 жилийн өмнөх язгууртны бунхан олсон байна.  Манай улсад эртний булш бунхан олон байдаг ч илрүүлэн судалгаа хийж байгаа анхны тохиолдол нь энэ хэмээн бунхныг судалж буй эрдэмтэд онцолсон байна. Эртний бунханыг судлах ажлыг Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Буриадын архелогийн судалгааны  ангийнхан хамтран хийж байгаа гэнэ. Хоёр сумын зааг дээрээс олдсон бунхан нь нэлээд том бөгөөд газрын хөрснөөс доош зургаан метр гүн байсан гэнэ.  Уг бунхныг гаднаас нь харахад жижиг толгодын дайтай том байжээ. Бунханг 4,5х5,6 метр хэмжээтэй, 2,6 метр өндөрт байгуулж, түүний дээр таван метр өндөр, 30 метр диаметртэй шороон овоолго хийж гадуур нь 110х96 метр тэгш өнцөгт хэлбэртэй шороон хэрэм босгож хамгаалсан байжээ. Харин дотроо 25 метр орчим хонгилтой бөгөөд гол хэсэгтээ модоор урласан хүүхэлдэй, морь, тэмээ, үхэр, арслан, загас, алтан гургуул, галбингаа, гахай зэрэг амьтад болон эмэгтэй, эрэгтэй хүний сийлбэр байжээ. Түүнчлэн  75х75 сантиметрийн хэмжээтэй дөрвөлжин тэгшлэн зассан хоёр чулуунд талийгаачийн намтар тэр үеийн үйл хэргийг нь бичээд бунхны чулуун хаалганы ойролцоо давхарлан тавьсан байсан гэнэ. Манай эрдэмтэд бичээсээр энэ бол Түрэг угсааны Пугу аймгийн эзний булш байж болох юм хэмээн үзжээ. Үнэхээр ч лавшруулан судалж Түрэгийн Пугу аймгийн ерөнхий захирагч цэргийн жанжин Тодогийн бунхан гэдгийг нотолсон байна. Харин хоймор дахь авс дээр 750 хятад ханзаар эрх ямбатан хүмүүсийн хэрэглэдэг тэмдэг зурсан байжээ.  Бунхны эзэн 677 онд 44 настайдаа нас барсан байна. Монгол нутагт оршин тогтнож байсан Түрэг угсааны Пугу аймаг нь 30 мянган өрх айлаас бүрдсэн 10 мянган шилдэг морин цэрэг гаргах чадвартай аж.
Бунхны эзэн нь язгууртан угсаатай тул  алтан бүс, алтан эмээл хэрэглэх эрхтэй бөгөөд цэрэг захиргааны өндөр албан тушаалтан байжээ. Энэ олдвор VII зууны үед манай нутагт Түрэг аймаг болоод тэдний Хятадтай хэрхэн харилцаж байсныг судлахад ихээхэн тус болох  аж. Археологчид бунхныг нээх үед Соёлын өвийн төвийн сэргээн засах засварлагчид газар дээр нь очиж, олдворуудад анхны сэргээн засах ажил хийжээ. Бунхны олдворуудыг Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалж байна.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.