Travelnews.mn сайтыг ажлуулдаг хэсэг залуустай Богд хан уулын Цэцээ гүний оргил руу явган аялал хийсэн юм. Тэд энэ аяллаа долоо хоногийн амралтын өдрүүдээр зохион байгуулж тогтмолжуулж байгаа юм байна. Бид Манзуширын хийд ороод тэндээсээ оргил руу явсан.
Ер нь Манзуширын хийдээс оргил хүртэл дунджаар 2 цаг хагас орчим өгсөнө. Уруудахад цаг хагас орчим болно. Нийтдээ 5 цаг орчим болно. Сүүлийн үед хүмүүсийн "Шар Будгийн Зам" гэж нэрлэх болсон замаар явна. Уг нь ч будгийн өнгөөр нэрлэгдсэн зам ч биш юм. Цэцээ гүний орой дээр нэгэн хийдийн туурь байгаа, одоо тэр хийдийн туурийн үлдэц суурь дээр нь овоо босгочихсон байгаа. Одоо ч сүмийн суурь дөрвөлжлөн зассан боржин чулуунууд бий. Энэ хийдийн бүрэн бүтэн байсан үеийн фото зураг Манзуширын хийдийн Сэрүүн лавринд бий. Энэ хийд рүү явдаг байсан Богдын морин замыг хүмүүс Шар будгийн зам гээд нэрлэчихсэн юм. Энэ замыг тэр бүр олон хүмүүс мэддэггүй байсан бөгөөд 1999 онд Rally International Mongolia гэдэг байгууллагын залуучууд анх шар будгаар тэмдэгжүүлсэн байдаг. Тэд Манзуширын хийдээс, Хүрхрээгийн амнаас Цэцээ гүний оргил хүртэл явах замыг шар будгаар тэмдэгжүүлсэн юм. Сая явахад замын эхлэл дээр хогийн сав, самбар байрлуулсан байна лээ. Мөн замын дагууд амралтын цэгүүд бий болгож ширээ сандал хийж байрлуулжээ. Энэ ажлыг Нийслэлийн аялал жуулчлалын газрын залуучууд зохион байгуулж хийсэн юм байна лээ. Ингэж замыг тэмдэгжүүлэх нь зөв зүйтэй ажил, ан амьтныг үргээх, зам мэдэхгүй гэж аялагчид айх явдал үгүй болохоос гадна байгалийн бохирдол, хог хаягдал гэдэг зүйлээс уулаа хамгаалж буй хэрэг юм. Цэцээ гүн рүү явдаг явган аялагчдын тоо ч нилээн нэмэгдэж байгаа, сая намайг явж байхад их олон хүнтэй байлаа. Цэцээ гүний оргилд гарч овоогоо тойрч хийморио сэргээчихээд уруудна.
Буух замдаа Манзуширын хийдийг үзвэл зүгээр байдаг - Манжийн хаадын хувилгаан гэгдэх Манзуширын хувилгаан анх МЭӨ II зуунд Энэтхэгт тодрон гарсан бөгөөд түүнээс хойш олон удаа Монголд тодорсон. Анхны Манзуширын хувилгаан ирж, 1733 онд Богд хаан уулын өвөрт гэр хэлбэртэй 80 жангийн хэмжээтэй анхны сүмийг барьсан 1747 онд дуусгасан. 1748 он гэхэд уг сүмийг аравнайлж Дашчойнхорлон хэмээн нэрлэжээ. Энэхүү сүм нь Манзуширын хийдийн анхны дуган байсан учир өвгөн лаврин хэмээн нэрлэгдэх нь буй. 1750 онд Манзуширын лам Агваанлувсанжамбалданзан залагдан ирж уул хийдийг барьсан байна. XVII зууны сүүлчээр Цогчин дуган барьсан бөгөөд Богд хан уулнаас ус татан хиймэл нуур хийж байсан байна. Цогчин дуганыг барьсны дараа олон дуган барьж ар талд нь Богдын шар ордонг барьсан байна. Энэ ордонд Халхын VIII Богд гэгээн 1919-1920 онд сууж байжээ.
Богд уулын тухай товчхон - Богд уулыг Хүннүгийн үеэс л тахиж шүтэж ирсэн байдаг. XII зуунд Хэрэйдийн Ван хан Тоорил Богд уулыг онголон тахиж, ХАН уул гэж зарласнаар дэлхийн анхны дархан газар болсон. Мөн Тэнгэрийг тэтгэсний 43 дугаар он буюу 1778 онд хүрээ сайд Юндэндоржийн санаачлагаар Богдхан уулыг дархлуулахаар Манжийн хаанд бичиг өргөсөн байдаг. Уг өргөсөн бичигт"... дөрвөн аймгийн чуулган нийлэх газар бөгөөд хормойд нь хар, шар олон түмэн хуран суух нь хүрээ оршихын дээр ан амьтан, ой модоор элбэг баян, олон түмэндээ магтагдсан, холын гийчдийн анхаарал татсан энэ үзэсгэлэнт сайхан уулыг эцэг өвгөдөөс эхлэн дархалж ирсэн учир үүнийг хуучин ёсоор тахин онгон дархан цаазтай болгож өгөхийг хичээнгүйлэн гуйсугай" гэжээ. Өргөсөн бичгийг ёсоор болгож, 1778 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хааны зарлигаар Богдхан уулыг албан ёсоор дархалж хан уулын хоёр оргилд нь "Түшээ гүн", "Цэцээ гүн" цол шагнасан түүхтэй аж. 1809 оноос эхлэн 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт орох зөвшөөрлийг Богд хан гардан олгодог журам тогтоож байжээ. 1911 онд Богд хааны зарлигаар Богд уулыг Богд хан Хайрхан Уул гэж нэрлэн, энэ уулыг хамгаалах захиргааг бий болгож, хамгаалалтын цагдаа нарын тоог 42 болгон нэмэгдүүлжээ.

Богд хан уулын магтаалд:"Хаан эзнээс зарлигтай, Халх даяар соёрхолтой. Цэлмэг хөх тэнгэртэй, Цэцээ гүн оргилтой" гэж магтан дуулдаг. 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа Богд хааны зарлигаар "Богд хан хайрхан уул" гэж нэрлэх болжээ. 20 -р зууны нийгмийн тогтолцооны гажуудал ч энэ уулыг тойроогүй, 1957 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар "Дархан цаазат Чойбалсан уул" гэж нэрлэгдэх болсон бөгөөд 1972 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 248 дугаар зарлигаар "Богд уул" нэрээр дахин нэрлэх болсон. Богд уулын ноён оргил Цэцээ гүнийг эрт дээр үеэс хаад ноёд ёс төртэй тахин шүтдэг байж. 1778 онд "Их хүрээ" Туул голын эрэг дээр нүүн ирж суурьшсаны хойтон жил 1779 оны зуны тэргүүн сард Халх дөрвөн аймаг, Их шавь нийлж Богд уулын тахилгыг ёс төртэй хийн тахилгын наадмыг "Хүй долоон худаг"-т хийсэн тухай түүхэн баримт байдаг. Энэ төрийн зан үйлийг сэргээж МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Богд уулыг "Төрийн тахилгатай уул" болгож, дөрвөн жил тутам ёс төртэй тахидаг болсон.

Тахилгын овоо
Богд уулын Дархан цаазтай талбайн хэмжээ 41.1 мянган га бөгөөд үүний талаас илүү хувь нь хар мод, хуш, гачуур, нарсан ой эзэлдэг байна. Богд уул эргэн тойрондоо 30 гаруй ам сугатай бөгөөд бараг ам болгон нь гол горхи устай аж. Богд уулын ноён оргил Цэцээ гүн далайн түвшнээс дээш 2258 метрт оршдог бөгөөд Богд уулыг бүтэн тойроход 165 км зам туулдаг байна. Богд хан ууланд 70 овгийн 256 төрлийн 588 зүйл ургамал ургадаг. Ургамлын аймаг нь экологийн 18 бүлэгт хмааарах бөгөөд эдгээрээс уулын тайгын экологийн бүлгүүд 80 хувийг, хээрийн ургамлууд 72 хувийг эзэлдэг. Богд хан ууланд монгол орны хөхтөн амьтны 35 хувь буюу 6 баг, 17 овог, 36 төрөл, 54 зүйлийн хөхтөн амьтан нутагладаг. 174 овог, 270 гаруй төрөлд хамаарах 1660 зүйл шавьж, 259 зүйлийн мезофаун, 93 зүйлийн микрофаун, 14 баг 36 овогт хамаарах 194 зүйл шувуу бүртгэгдсэн байна.




Сэтгэгдэлүүд:
он гарахаас өмнө цэцээ гүний аялал байгаа юу?
Болороо
Сэтгэгдэл үлдээх: