Газар агуй. Энэ агуй Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан бригадын нутагг Хасагт Хайрхан уулын зүүн урд талын 2200 метрийн өндөр бүхий нам уулын дунд оршино. Энэ агуйд 1990 оны 2-р сард судалгаа хийж судлагдсан агуйн бүртгэлд оруулсан. Газар агуй Алтай хотоос Жаргалан сум орох замын зүүн талд 500 метрийн зайд баруун тийш харсан энгэрт анх төрмөлийн эриний үеийн настай шохойн чулуун давхаргад усны элэгдүүдэн эвдэх үйл ажиллагаагаар үүссэн карстын агуй юм. Агуйн ам баруун тийш харсан 1.2 метр өндөр, 4.1 метр өргөн зууван хэлбэртэй. Агуйн нийт урт 26.5 метр, агуйн хонгилийн дундаж өндөр 1.32 метр, дундаж өргөн 2.37 метр юм. Агуйн доторхи хамгийн өргөн хэсэг нь 4.7 метр, хамгийн өндөр газар нь 2.3 метр байна. Агуйн нийт эзэлхүүн 82.9 куб.метр, нийт талбай 62.8 ам метр юм.

Газар агуйн план зураг.
Уг агуй нь усны үйл ажиллагаагаар үүссэн хагарал ан цав ихтэй, элэгдэл эвдрэл ихтэй агуй юм. Агуйн дээвэр хүнхэрдүү, ёроол нь нэгэн хэвийн тэгш юм. Агуй нь дотроо ямар нэг салаа салбаргүй ганц гол хонгилтой. Агуйн дотор тал хуурай, ус мөсний ямар нэг хуримтлал үүсдэггүй, өвлийн улиралд агуйн доторх агаарын температур гаднах температураас нэг их зөрөөгүй, агаарын солилцоо явагддаг, ямар нэг хорт хийн хуримтлал байхгүй. Хасагт хайрханы нуруунаас Тайшир сум хүртэл үргэлжилсэн 67.5 км урт, 0.7 км өргөнтэй шохойн чулуун зурвас үе бий. Энэ шохойн чулуун үеийн дунд хирд Газар агуй, хойд төгсгөлд нь Хүнхэрийн амралтын дэргэдэх агуйнууд үүссэн гэж үздэг. Газар агуй аман дээрээ чулуун хороотой. Нутгийн хумүүс Газар агуйн буудал гэж нэрлэдэг. Дээр үеэс мал хашдаг, эдлэл хэрэглэлээ хийж хадгалдаг байжээ. Шуурга цас бороотой үед мал оруулан хашдаг, дотроо их өтөг бууцтай байсан нь шатаж амны хэсэгтээ маш их үнстэй болсон байна. Энэ агуйн амаар орсон холбоотой хоёр бяруу Завхан голоор урсан гарч ирсэн гэсэн домог бий. Газар агуйг нутгийн хүмүүс үзэж сонирхдог боловч амны орчмын гэрэлтэй хэсгээс нэг их хэтэрдэггүй, цааш явж үзээгүй нь энэ домгоос харагдаж байна.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: