Хойд Цэнхэрийн агуй

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойш 25 км-т Хойд Цэнхэрийн голын хөндийд Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байсныг батлах нэгэн сонирхолтой агуй байдаг.  Хойд Цэнхэрийн агуйд одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсны ул мөр байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ.  Уг агуйг олоход  хялбар, Ховд аймгийн Манхан сумын Тахилтын бригадаас Хойд Цэнхэрийн голыг өгсөж 7 км яваад агуйд хүрнэ.  Агуйн ам хүрэх замыг зассан явган замтай.  Хойд Цэнхэрийн агуй нь N47°20'50.5", E91°57'24.1" газарзүйн солибцолд, далайн төвшнөөс дээш 1571 метрийн өндөрлөгт оршино.  Агуйн амсарын хагас нь дээрээс нурсан хад чулуу, шувууны сангасаар хаагдаж хоёр амтай юм шиг харагддаг. Нутгийн иргэд уг агуйг Их Өлийн агуй гэх бөгөөд Их, Бага хоёр агуйтай.  Их агуйн аман дээр овоо босгосон байна.  Овооны ойролцоо хадан ширээ сандлыг хийж тавьжээ. 

Агуйн амны хананд агуйд ирсэн хүмүүс будгаар нэр усаа нилээдгүй бичиж үлдээсэн байна.  Уг агуй нь шохой чулуун тогтоцтоцтой дотроо бөмбөргөрдүү оройтой, шалнаас адар хүртэл 20 метр өндөр.

Анх Хойд цэнхэрийн агуйн эдгээр гайхамшигт зураг дүрслэл Ховд аймгийн Манхан сумын нэгэн гярхай ажигч малчин санамсаргүйгээр олж сумын захиргаанд мэдээлжээ.  1951 онд газарзүйч, судлаач О.Намнандорж гуай Хойд Цэнхэрийн агуйн хадны зураг дүрслэлийг судлан шинжлэх оролдлого хийжээ.  Агуйд улаан хүрэн зосоор зурсан эртний ан амьтдын сүг зураг нэлээд бий.  Агуйн хананд жадан эвэрт оронго гөрөөс (Канна), бух, могой, шувуу, тэмээн хяруул, заан, тэмээ, янгир зэрэг амьтдын сүг зураг байдгаас үзвэл эрт үед Монгол нутагт дээрх амьтад одоогийн Африк тив адил хамт амьдрах орчин бүрдмэл, чийглэг халуун уур амьсгалтай байжээ.

 

Хойд Цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхээргүйгээр хадгалан бидний үе хүргэжээ.  Тус агуйд янз бүрийн амьтдын зургийг улаан зосоор зурсан хунх 4 бий.

1-р хунх.  Уг хунхад 20 гаруй канна гөрөөс, могой тэргүүтнийг зурж үлдээжээ.  Энд гөрөөсийг өргөн сүүлтэй, соотон чихтэйгээр маш чадварлаг зурсан байна.

2-р хунх.  Уг хунх агуйн хамгийн том хунх бөгөөд агуйн хамгийн ур хийц сайтай гоёмсог зургуудыг агуулдаг юм.  Хунхад арслан заан, аргаль, тэмээн хяруул, цацагт хяруул, цэн тогоруу, зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан гоёмсог байдлаар зуржээ. 

3-р хунх.  Хоёрдугаар хунхаар дамжин уг хунхад хүрэх бөгөөд уг хунхад зэрлэг тэмээг нилээд том хэмжээгээр чөлөөтэй дүрсэлсэн байхаас гадна янгир, нисэж яваа шувууг дүрсэлсэн байна.

4-р хунх.  Энэ хунхад шувуу, гацуур мод, харайж буй гөрөөс зэргийг зурсан байна.

Цэнхэрийн агуйн дурсгалыг зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн, академич А.П.Окладников дүгнэж хэлэхдээ: “Гурван цэнхэрт хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд асар өндөр хөгжилтэй, уран сайхны их авъяастай, эртний чулуун зэвсгийн зураачид амьдарч байсны гэрч юм” гэжээ.

Хойд Цэнхэрийн агуйн хадны зураг дүрслэл нь олон улс орны эрдэмтдийн анхаарлыг татдаг.  Энэ агуйн зураг дүрлэлийн талаар Чехословак монголч эрдэмтэн Павел Поух “ Монгол орноор гучин мянган км аялахад” гэдэг номонд бичжээ.  Хойд Цэнхэрийн агуйн зураг олон талаараа францын хуучин чулуун зэвсгийн үеийн Фон де Гомын агуйтай төстэй байдаг.  Уг агуйн зураг дүрслэлүүд нь манай тооллын өмнөх 40 – 12 мянган жилийн тэртээд бүтээгджээ.  Зургуудыг цахиур цүүцээр хадан дээр цүүцдэн дараа нь зургаа зос, шороон будаг найруулж буджээ.  1996 онд ЮНЕСКО-гоос Хойд Цэнхэрийн агуйг “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна.

Сэтгэгдэлүүд:

1. монголхүү | 2008-10-13 11:17:50
10 жилд Түүхийн хичээл дээр л хойд цэнхэрийн агуй гэж сонсдог байлаа. Хажуухан талаар нь өнгөрч л явлаа орж үзсэнгүй
2. Moonrider | 2008-10-21 12:28:30
Би МУИС-ын газарзүйн ангийн оюутан байгаа юм.
Эх орныхоо газар орны талаар хүмүүст арвин баялаг мэдлэг түгээж яваарай.
Цаашдын ажилд тань амжилт хүсье.
3. Ууудам | 2008-10-21 12:37:48
2002 онд очиж үзэж байсан тэгэхэд доошоо орж болохгүй агуйн амсар дээр очоод буцсан. Нуранга үүсээд зарим зураг харж чадаагүй. Улаан зосоор зурсан байсан. Агуйн амсарын дээд хэсэг нь гал түлж байсан гэмээр утаа ихтэй бас дүүрэн шувууны сангастай байсан. Жинхэнэ шувуу болоод л гарч ирсэн дээ
4. Мийгаа (зочин) | 2008-10-29 16:58:45
надад хэрэг боллоо баярлалаа өөр зөндөө юм бичээрэй
5. Eco_mon | 2009-03-07 15:38:24
...агуйн биологи гэж нэг салбарыг л манайд хөгжүүлмээр байгаа юм даа...
6. р.цэцэнцогд (зочин) | 2009-07-22 09:43:22
очиж үзэмэр байна !
7. Nice (зочин) | 2010-01-10 15:00:25
Ховорхон сонин газруудын нэг шүү.
8. aagii (зочин) | 2010-05-08 04:18:48
bi ekologch hvnldee bi bas ene gazar ochij vzmeer bna yaj yabj vzej boloh bol hvmvvsee zovlooch

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.