Аялал жуулчлалын салбар Монгол улсад үүсэн хөгжсөн албан ёсны хугацаанаас өнөөдрийг хүртэл хагас зуун жил гаран болжээ. Энэ урт хугацаанд салбарын хувьд олон талын хөгжил, дэвшил гарсан бөгөөд ам бүлийн тоо нь хэдэн зуу дахин нэмэгдсэн нь өнөөгийн эдийн засгийн өрсөлдөөний үр болоод Монгол улс олон улсад нээлттэй бодлого явуулах болсонтой яахын аргагүй холбоотой.
Энэ салбарын үйлчлүүлэгчид Монгол улсыг түүхэн бахархалаар нь хамгийн түрүүнд таньж, тийм сайхан түүхтэй агуу оронд зочлон саатах зорилго агуулан ирэхдээ гайхам сайхан байгаль, өөрсөдтэй нь ижилхэн авч хачин их ялгаатай зан үйл, заншилтай, гайхмаар, биширмээр бүр аймаар ч юм шиг аж төрдөг болохыг олж мэддэг. Монголд зочлон ирж байгаа жуулчин бүр энэ орныг МЭДЭХГҮЙ ирээд мэдэж, танилцаад буцдаг.
Энэ салбарт аялал санал болгогчид бид, нөгөө үгээр хэлбэл тур операторууд бид салбарын хөгжлийн энэ урт цаг хугацааны туршид сонгодог хэдэн чиглэлд тогтсон үйлчилгээгээ санал болгосоор ирсэн. Цаашид бидэнд илүү олон жуулчин татахад, тэдэнд дэд бүтцийн хөгжлийн бэрхшээлээс үүдэх саадгүйгээр үйлчилэхэд шинэ газар орныг нээх зайлшгүй шаардлага урган гарч байна.
Машинд жуулчдаа суулган удаан явсны эцэст нэгэн зүйл онцлог газар орныг үзүүлэн тэндээ унаагаа морь эсвэл тэмээгээр зуур сэлгэн амсхийж холын газрыг өдрөөр товчлох моторт унаандаа дахин мордон дараагийн сонин газар орныг чиглэн хэдэн цагаар, заримдаа бүр хоногоор явдаг тогтсон өнгийн аялалд цаашид хөгжлийн ирээдүй алга.
Тиймээс бид нэг бүс газар оронд явган, морин, тэмээн, дугуйн хэлбэрийн аялал хийнгээ хүмүүс, түүх, соёл, шашин, байгаль, зан заншил, уламжлалт арга технологийг танин мэдэж хажуугаар нь нутаг орны онцлог цэцэг, шувуу, шавьжийг судлах боломжийг нээснээр илүү баялаг, сонин сайхан аяллуудыг зах зээл дээр гаргаж чадна.
Хөгжлийн ийм шинэ гарц руу шилжихэд энэ салбарын хүний нөөц газрын зургийг уншиж, ашиглаж чаддаг байх шаардлага зайлшгүй ургаж байна.
Мөн аяллыг газар оронд гардан авч явдаг хөтөч-тайлбарлагчид байр зүйн зурагтай ажиллаж чадахгүйгээс болж төөрөх зэрэг олон асуудал гардаг. Энэ чиглэлийн мэдлэгтэй болсноор төөрөх, газар орноо олохгүй будилах асуудал үгүй болно.
Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд нь голчлон дэд бүтцийн хөгжил харьцангуй өндөр байгаа төвийн хэдхэн бүс нутгууд болох Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговь, Хөвсгөл аймгийн нутгийг түшиглэн явагдаж байна. Аялал жуулчлал нь Монгол орны бүх бүс нутгийг хамарч чадахгүй байгаа юм. Үүнд олон хүчин зүйл үйлчилж байгаагын нэг шалтгаан нь Монголын аялал жуулчлалын салбарын ажиллагсад Монгол орноо төдий бүр сайн мэдэхгүй, тэр дундаа газар орны тухай мэдээллийг газрын зургаас таниж, унших талаархи мэдлэг тааруу байгаагаас бусад олон сонирхолтой бус нутгуудад тухайн бус нутгийн орчин, нөхцөл, давуу талд түшиглэсэн аяллын шинэ маршрут, бүтээгдэхүүнийг бий болгох чадвар дутагдалтай байгаатай холбоотой юм гэж миний бие үзэж байна. Энэ байдал нь Монгол орон даяар аялал жуулчлалыг жигд хөгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна.
Энэ салбарын талаар бага боловч төсөөлөлтэй хэн бүхний мэдэх жишээг энд дурдъя. Та бүхэн мэднэ дээ. Аль ч аялал жуулчлалын компанийн офист яваад ороход та бүхний өмнө хананд өлгөсөн томоо газрын зураг (ихэвчлэн 1: 1,000,000 масштаб бүхий) илхэн байдаг. Дээр нь ажиллах газрын зураг бэлэн байна гэдэг нь сайн хэрэг. Гэхдээ түүнийг хэрхэн, юунд ашиглаж байна вэ? Зүй ёсоор бол мэдээж, нэгдүгээрт, аяллын бүтээгдэхүүнийг төлөвлөхөд, хоёрдугаарт түүнийгээ жуулчдад зарахад нэн тэргүүнд ашиглах ёстой нь тодорхой. Гэтэл, бодит амьдрал дээр хэрхэн ашиглагдаж байгаа талаар ганцхан жишээ дурдъя. Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг компани дээр явж орсон жуулчин хамгийн түрүүнд аялах газар орон, зам, зай, бартаа зэргийн тухай мэдээллийг томоос том цэлийж байгаа нөгөө зурган дээр сайхан гэгч нь заагаад өгөхийг хүлээх нь зүйн хэрэг. Гэтэл цаасан дээр хэвлэсэн танихгүй газар орны бололтой нэрс, хоорондын зайг нь заасан километрээр (км) илэрхийлсэн тоог түүнд санал болгодог. Бэлээхэн байгаа зургийг ашиглан газар орноо заахыг аялал худалдагчид хүсэхэд нь за энэ бол очих Архангай аймаг чинь, энэ нь Өвөрхангай гэхчилэн аялах газар орныг тойм төдийхнөөр заасан болох жишээтэй. Бодит туршлага дээр аялал худалдагч ажилтнууд зөвхөн засаг захиргааны нэгжүүдийг л нэрлэх хэлбэрээр ийнхүү өлгөсөн зургийг ашиглаж байгаа нь бодит үнэн билээ.
Дээр дурдсан шалтгааны улмаас аялал жуулчлалын компанийн хүний нөөц аялал явагдах газар орны тухай мэдээллийг байр зүйн зургаас уншиж, судлах чадваргүй, үүнийг өөрийн сул тал болсныг мэддэггүй, сул талаа давуу тал болгон хөгжүүлэх талаар арга хэмжээ авдаггүй нь маргашгүй үнэн.
Хэдий ийм бодит байдал бий ч нэгэнт бизнесийн зорилго учир ашиг орлого олохын тулд бусад ижил төрлийн өрсөлдөгчдөөсөө давж гарах аяллын шинэ чиглэл, шинэ бүтээгдэхүүн бий болгож жуулчдад санал болгох шаардлага ургадаг.
Ийм нөхцөлд шинэ бүтээгдэхүүнийг явуулах газар орон, тэнд хийж болох аяллын төрлийг сонгож авахдаа тухайн аялал жуулчлалын менежерүүд газрын зургийг ашиглаж нэгэнт мэдэхгүй учраас тухайн газар орон нь төрсөн, өссөн нутаг нь болсон нутгийн хүмүүс, олон жил ийш тийш явж газар орны баримжаатай болсон жолооч, за бас нутгийн адуучин, орон нутгийнхнаас асууж, тэдний хэлснийг эвлүүлэн шинэ чиглэл, бүтээгдэхүүнийг бий болгодог. Асуудал ингээд дуусахгүй ээ.
Хүний үгээр эвлүүлэн хийсэн шинэ бүтээгдэхүүн, чиглэлээ бүтээгдэхүүний менежер нь ач холбогдол өгч магадлан нягтлалгүйгээр жуулчдад зарна. Шинэ сонин газар орноор аялахаар жуулчид Монгол оронд ирлээ. Шинээр төрсөн аялалыг эхээс нь (бүтээгдэхүүний менежер) гардаж авсан хөтөч-тайлбарлагч, жолооч хоёр элбэж байгаад даалгасан аяллыг бие дааж маршрутын дагуу явуулах үүрэг хүлээнэ. Гэтэл хөтөч-тайлбарлагч, жолооч хоёр маань мөн л газрын зургийн мэдлэггүйгээс болоод аяллын өдрийн маршрут хугацаандаа амжихгүй байх, өөрчлөгдөх, төөрөх зэрэг төвөгтэй алхамуудтай нүүр тулж, зохицуулах ажил гардаг нь нуух юун. Жуулчид үүнд маш их гомдол гаргадаг. Мөн тухайн аяллын эхлэх, дуусах цэг нь үнэн байдаг. Харин тухайн бүтээгдэхүүнд орсон чиглэл, орц нь нөгөө газрын зураг мэддэггүй хүмүүсийн гарт ороод өөрчлөгддөгөөс болж бүтээгдэхүүний чанар мууддаг.


Сэтгэгдэлүүд:
Үнэхээр сонирхолтой блог байнаа.
Зочилж байнаа.
Амжилт шүү
Сайхан блог нээсэн байна. Баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх: