Аялал Төлөвлөлт, зохион байгуулалт.
Аяллыг зөв оновчтой зохион байгуулах явдал нь тур оператор компаниудад эдийн засаг, менежментийн талаасаа ач холбогдолтой.
Аялал төлөвлөлт, зохион байгуулалтын асуудлуудыг хооронд нь салгаж ойлгох нь зохистой.
Аялал төлөвлөлтийн асуудлууд нь аяллыг хаана хэдийд хийхэд хамгийн тохиромжтой нөхцөл байдал, хугацааг тодорхойлж өгнө.
Аялал зохион байгуулалт нь төлөвлөгдсөн аяллыг хамгийн сэтгэл ханамжтай, үр ашигтайгаар хөтлөн явуулахад оршино. Аялал зохион байгуулалтын асуудлууд дотор тухайн аяллын үйл ажиллагааны төлөвлөлтийн асуудал оршино. Энэ үйл ажиллагааны төлөвлөлтийн асуудал, аялал төлөвлөлт хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй.
Аялал төлөвлөлтийг аялал жуулчлалын компанийн маркетингийн хэлтэс хариуцан ажиллана. Аялал зохион байгуулалтын асуудлуудыг компанийн ложистикийн хэлтэс хариуцан ажиллана.
Аялал Төлөвлөлт
Аялал төлөвлөлт нь бүх талын нөхцөл байдлыг харгалзан судалсны үр дүнд аяллын бүтээгдэхүүнийг бий болгож явуулах ажиллагаа юм.
Компанийн маркетингийн хэлтэс дээр аяллыг төлөвлөхдөө дараах зүйл дээр анхаарах хэрэгтэй.
1. Зах зээлийн судалгаа, зах зээлийн түгээлт.
2. Аяллын бүтээгдэхүүнийг бий болгох.
3. Аяллын явагдах үеийн цаг уур, улирлын байдал.
4. Нислэгийн компаниудын цагийн хуваарь
5. Байршуулах хэрэгслийн хүчин чадал, боломж,
6. Хүний нөөц боломж.
Аялал төлөвлөлт, бүтээгдэхүүнийг бий болгох.
Аяллын бүтээгдэхүүнийг бий болгохдоо төлөвлөлтийн бүхий л асуудлуудыг авч үзнэ. Аяллын бүтээгдэхүүн нь аялал төлөвлөлтийн цогц болж өгнө.
Монгол орны аялал жуулчлалын салбарын зах зээл дээр адал явдалт морин, ууланд авирах, явган аялах, дугуйгаар аялах, авто машинаар аялах гэх мэт олон төрөл зүйлийн бүтээгдэхүүнүүд байдаг. Бүтээгдэхүүнийг бий болгох үйл ажилагаа нь маршрутыг/ хөтөлбөрийг хийхээс эхлэнэ. Аяллын хөтөлбөр/ маршрут нь бүтээгдэхүүний амин сүнс нь болж өгнө.
Маршрут ба хөтөлбөр
Монгол улсын аялал жуулчлалын зах зээл нь дэлхийн аялал жуулчлалын зах зээл тусгай сонирхолын аяллын зах зээлд хамаарагддаг. Аяллын хөтөлбөр/ маршрутууд олон төрөл зүйлийн байдаг. Аяллын хөтөлбөр/ маршрут төлөвлөлт нь нарийн төвөгтэй ажил, өөрөөр хэлбэл газар орны нэрсийг хооронд нь холбож бичснээр маршрут хийлээ гэж ойлгож болохгүй.
Маршрут хийхдээ төлөвлөлт, зохион байгуулалтын бүхий л асуудлуудыг тусгах хэрэгтэй. Маршрутыг аль болох үргүй зардал гаргахгүйгээр хийх нь хамгийн чухал. Энэ нь аяллын бүтээгдэхүүний өөрийн өртөгийг багасгаж, жуулчдын хармаанаас гарах мөнгийг үргүй зүйлд зарцуулахгүй байх хэрэгтэй. Маршрут нь аяллын төрөл зүйлээсээ хамаарч өөр байна. Аяллын маршрутыг төлөвлөхдөө доорхи зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
1. нэг өдрийн үзэх зүйлсийн багтаамж
2. цаг хугацаа, өдөрт явах зай хэмжээ
3. бүс нутгийн онцлог
Маршрут төлөвлөлтийн хамгийн чухал асуудал бол аяллын өрнөх цаг хугацаа, өдөрт явах зай хэмжээ байдаг. Доор зарим төрлийн аяллын өдөрт явах хамгийн тохиромжит зай хэмжээг тодорхойлъё.
Автомашинаар аялж буй үед өдөрт 230-250 км замыг туулах нь хамгийн тохиромжтой байдаг. Автомашинаар аялах маршрутыг хийхдээ өдрийн машинаар явах хугацааг 6 цаг, дундаж хурдыг 35-40км/ цагаар тооцох нь хамгийн тохиромжтой байдаг. Мөн машин тэрэгний бензин шатахуун цэнэглэх газруудыг тодорхой тогтоож өгөх хэрэгтэй болно. Монгол орны бүс нутгуудын замын бартаат байдлаас хамаарч энэ зай хэмжээг ихэсгэж, багасгаж болно.
Мориор аялж буй үед өдөрт 25-30 км замыг туулах хамгийн тохиромжтой байдаг. Туршлагаас үзэхэд, энэ зай хэмжээ нь дундаж аялагчидын морь унах чадвар, бие бялдарын онцлогт хамгийн их тохирдог. Мөн Монгол оронд зохион байгуулагдаж буй морин аяллын ихэнхи нь машин тэрэг явах боломжгүй бүс нутгуудад явагддаг. Аяллын хоол хүнс, майхан сав, жуулчдын ачааг мориор тээдэг тул энэ зай хэмжээ нь тохиромжтой байдаг.
Дугуйгаар аялж буй үед газар орны бартаанаас хамаарч өдөрт явах зай хэмжээг өдөрт 55-110 километрын хооронд тогтоож өгнө. Өндөр уулын бүсэд, бартаа ихтэй газар оронд 45-65 км, дунд зэргийн бартаатай уулархаг газар оронд 60 -80 км, тэгш тал газарт өдрийн явах зай хэмжээг 80-110 км -ээр тогтоож өгөх хэрэгтэй. Тэгш тал дугуйгаар явж буй хүмүүсийн цагт туулах дундаж хурд 20 км орчим байдаг.
Явганаар аялж буй үед өдөрт 15-20 км замыг туулах нь хамгийн тохиромжтой байдаг. Явган аяллаар явах үеийн дундаж хурдыг 3км цагаар тогтоож аяллын хөтөлбөрийг хийвэл тохиромжтой.
Бүтээгдэхүүний төлөвлөлтөд уур амьсгал нөлөөлөх нь.
Төлөвлөлтийн асуудалд аялал явагдах бүс нутгийн уур амьсгалын байдал томоохон нөлөө үзүүлнэ. Монгол орны өргөн уудам нутаг нь байгалийн олон бүс бүслүүрт хуваагдаг эрс тэс уур амьсгалтай. Жишээ нь: Говийн бүслүүрийн цаг уур аялал жуулчлалд хэрхэн нөлөөлдөгийг авч үзье.
Говь.
Монголын говь нь Монголын аялал жуулчлал төдийгүй дэлхийн аялал жуулчлалын хамгийн алдартай чиглэл/ дестинэшн юм. Говийн бүсийн уур амьсгал нь улирлын байдлаас хамаарч өөр байна. Говьд аялал төлөвлөж зохион байгуулахад уур амьсгалын онцлогийг мэдэж байх хэрэгтэй.
Говийн бүс нутагт 3 сараас - 5 сарын дунд үе хүртэл салхи шуургатай, цаг агаарын байдал тогтвор муутай, үе угалз болох магадлал өндөр байдаг. Энэ үед аялал хийх нь тохиромж муутай, олон олон тооцоолоогүй хүндрэлүүд үүсч бий болдог. Зүг чиг алдаж төөрөх, гэр, майхан салхинд унах, зам харгуй бүдгэрч алга болох гэх мэт олон хүндрэл үүснээс жуулчдын сэтгэл зүйд нөлөөлж уг аяллын чанар муудах, улмаар жуулчид аяллын талаар гомдол гаргаж аялал зохион байгуулсан компани эдийн засгийн талаасаа хохирол хүлээдэг. Энэ нь аялал зохион байгуулагч компани бүс нутгийн уур амьсгалын судалгааг хийлгүйгээр, төлөвлөлт хийснээс болж буй алдаа юм. Хаврын саруудад зарим тур оператор компаниуд говьд тэмээний аялал зарах явдал нилээдгүй байдаг. Хаврын саруудад тэмээний үс ноос гуужиж нүцгэрэн юун тэмээ унах, ойртохын аргагүй үзэшгүй муухай, сэжигийн харагддагийг та бүхэн мэднэ дээ.
Зуны сарууд, 9-р сар хүртэл говьд аагим халуун болдог ч говиор аялах жуулчдын ачаалал ихэсдэг гол улирал юм. Аагим халууны улмаас хүмүүс наранд цохиулах, машин тэрэгний ус халах зэрэг хүндрэл гардаг ч эдгээр нь аяллын чанар, сэтгэл ханамжинд төдийлөн нөлөөлдөггүй.
Намрын саруудад говьд аялах нь хамгийн сайхан,тохиромжтой байдаг. Гэвч энэ үед аялал жуулчлалын компаниуд бүтээгдэхүүний борлуулалтаа багасгадаг. Намрын саруудад бүтээгдэхүүнийг өсгөвөл говийн бүс нутгийн аялал жуулчлалын хугацааг уртасгах боломжтой байна.
Өвлийн саруудад хэдийгээр хүйтэн байдаг боловч цаг агаар тогтуун байдаг. Монгол улсын засгийн газар, Зам тээвэр аялал жуулчлалын яамнаас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж говийн бүс нутаг тэмээний баяр нэртэй эвэнтийг аялал жуулчлалын компаниудын тусламжтайгаар зохион явуулж байна. Засгийн газар болон аялал жуулчлалын компаниудын өвлийн аялал жуулчлалын талаархи бодлого энэ төрлийн эвэнт болон билгийн тооллын цагаан сар гэж ойлгож байгаа нь учир дутагдалтай байна. Өвлийн улирлыг хэт хүйтэн, аялал хийх боломжгүй гэсэн ойлголт нийтлэг байгаа нь өвлийн аялал жуулчлалд сөрөг нөлөө үзүүлдэг. Өвлийн сарууд хэдийгээр хүйтэн байдаг боловч энэ бүс нутагт аялал явуулах боломж өндөр байдаг. Ялангуяа тэмээний аяллууд хөгжүүлэх боломжтой байдаг.
Бүтээгдэхүүний төлөвлөлтөнд зах зээлийн үнэ ханш нөлөөлөх нь.
Аялал төлөвлөлтийн асуудалд доорхи хүчин зүйлүүд эдийн засгийн талаасаа шууд хамааралтай байдаг. Үүнд:
1. Гадаад, дотоод нислэгийн үнэ хөлс
2. Авто тээврийн хэрэгслийн түрээсийн үнэ хөлс
3. Шатах тослох материалын зах зээлийн үнэ
4. Байршуулах хэрэгслийн үнэ хөлс
5. Хүнсний бүтээгдэхүүний үнэ хөлс
6. Ажиллах хүчний үнэ хөлс
Аяллыг төлөвлөх, бүүтээгдэхүүн бий болгохдоо дээрхи зүйлсийн зах зээлийн үнэ ханш, цаашид өсөх, буурах магадлалыг сайтар тооцоолон бодох шаардлагатай. Монгол улсын эдийн засгийн үзүүлэлтүүдийг харгалзан үзэж аялал төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Монголын аялал жуулчлалын салбарын үнэ ханшний хамгийн өндөр үе нь зуны сарууд байдаг. Зуны саруудад аялал жуулчлалын гол түлхүүр үйлчилгээний салбаруудын үнэ хөлс өсдөг. Ялангуяа үндэсний их баяр наадмын үеэр жуулчидын тоо хэтэрхий их болж зочид буудал, машин тэрэг, ажиллах хүч, хүнсний зүйлсийн үнэ хөлс олон жилийн судалгаар 25-30% заримдаа түүнээс их хувиар өсдөг нь ажиглагдсан. Иймд үндэсний их баяр наадмын үеэр аялал төлөвлөлтийг хийхдээ эдгээр зүйлсийн өсөлтийг тооцох нь зайлшгүй хэрэгтэй. Жишээ нь: зочид буудлууд наадмын үеэр буюу 7-р сарын 10 -наас 13-ний өдөр хүртэлх өрөөнийхөө үнийг үндсэн үнэ дээрээ 20% өсгөж авахаас гадна эдгээр өдрүүдийг бүхэлд нь авахийг шаарддаг. Мөн машин тэрэг тэр дундаа пургон машины олдоц муудаж үнэ тэнгэрт хаддаг. Компаниуд аяллаа тасалдуулахгүйн тулд пургонийг хэлсэн үнэнд түрээслэн авдаг. Хэдийгээр энэ нь бүдүүлэг зүйл боловч бидэнд тулгарч буй бодит үнэн юм. Олон аялал жуулчлалын тур оператор компаниуд эдгээр зүйлсийн үнийн хөөрөгдлийг тооцоололгүйгээр аяллыг төлөвлөснөөс болж алдагдал хүлээх, ашиггүй ажиллах явдал нилээдгүй байдаг. Гэвч эдгээр асуудлууд нь Монголын аялал жуулчлалд тулгарч буй өнөөгийн асуудлууд билээ. Энэ байдал цаашид сайжрах байлгүй дээ.
Энэ нь нэг талаар Монголын тур операторууд төлөвлөлтийг буруу хийснээс болдог. Монгол Наадам - энэ бол дэлхийд алдартай аялал жуулчлалын бүтээгдэхүүн мөн. Гэтэл ихэнхи тур оператор компаниуд Монгол Наадмыг зөвхөн Улаанбаатар хотод л болдог гэсэн ойлголтыг зах зээл дээр бий болгодог нь хамгийн том алдаа болдог. Уг нь жуулчдыг Улаанбаатар хотод төвлөрүүлэх биш хөдөө орон нутагт наадам үзүүлбэл илүү сонирхолтой болохоос гадна төвлөрлийг сааруулж үнийн хөөрөгдлийг зогсоох учиртай.
Явган аялал - Аялал төлөвлөлт зохион байгуулалтын тухай миний бодлыг цааш унших.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: